“Монголиан Стар Дистрибюшин” компани Монголдоо анх удаа явагдсан дурангийн мэс заслын сургалтыг ивээн тэтгэж, хамтран ажиллалаа
Монгол Улсад дурангийн мэс заслын стандартыг хөгжүүлэх, эмч нарын мэдлэг, ур чадварыг сайжруулах, туршлага хуваалцах, залуу эмч нарыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах зорилготойгоор “Дурангийн Мэс Заслын Загвар Төв” анх удаа байгуулагдлаа.
Загвар төвийг "Гурван гал" эмнэлгийн Мэс заслын эмч Б.Онон санаачилсан бөгөөд анхны сургалтаа 2015.04.17-18-ны өдрүүдэд Хэвлийн дурангийн мэс заслын чиглэлээр зохион байгууллаа. Энэхүү сургалтад Монголын хувийн болон улсын эмнэлгүүдийн туршлагатай мэс засалчдаас гадна олон залуу эмч нар хамрагдсан идэвх оролцоо өндөртэй, зохион байгуулалтын арга хэлбэрээрээ шинэлэг байсныг дурдах нь зүйтэй юм. Тухайлбал, хэвлийн дурангийн мэс заслын сургалт онол, практикийн хэсэгтэйгээр үргэлжилж, онолын хэсгээрээ цөсний хүүдий авах мэс засал, элэгний зүүн дэлбэнг тайрах мэс засал, нойр булчирхайн сүүл хэсгийг тайрах мэс засал, өрцний эвэрхий нөхөх дурангийн мэс засал, мухар олгой авах дурангийн мэс засал зэрэг сэдвээр эмч нар илтгэл танилцуулсны дараа хагалгааны үйл явцыг шууд дамжуулж, видео сургалт хийснээрээ онцлог бүхий явагдлаа.
Хэвлийн дурангийн мэс заслын сургалтыг амжилттай зохион байгуулахад дэлхийд алдартай Johnson & Johnson Medical брэндийн Монгол дахь албан ёсны дистрибютор “Монголиан Стар Дистрибюшин” компанийн зүгээс Johnson & Johnson Medical-ын “Ethicon” брэндийн хагалгааны утас, зүү, оёгч багаж, зүсдэг хутгаар ивээн тэтгэж, хамтран ажилласан юм.
Энэхүү сургалтаар өсч хөгжиж буй дараа үеийн төлөөлөл болсон залуу эмч нарт дэлхий нийтийн шинэ чиг хандлага, дэвшилтэт технологийн аргаар бүтээгдэж, олон улсад эмчилгээний арга зүйд өргөнөөр хэрэглэгдэж буй дурангийн мэс заслын багаж хэрэгслийг хэрхэн ашиглах, хагалгаа хийх үед анхаарах зүйлс, стандарт хэрэглээ, багаж хэрэгслийн эрүүл ахуй, чанарын талаарх мэдлэгийг практиктай хослуулан олгосон юм.
Тус сургалтын талаар Монголын Мэс Заслын Нийгэмлэгийн Дэд Тэргүүн О.Сэргэлэн “Залуучууд маань олон улсын багт оролцоод, сургалт хийгээд, хүмүүст туслаад явж байгаа нь манай залуучуудын өсөж, хөгжиж байгаагийн нэг тод илрэл юм. Дурангийн мэс засал Монголд ч гэсэн маш өндөр хөгжиж байна. Бүх төрлийн мэс ажилбарыг дурангаар хийж болно гэдгийг дэлхий дахинд баталчихаад байгаа. Цаашид энэ төрлийн мэс заслыг хөгжүүлэхэд Дурангийн мэс заслын загвар төв маань илүү сайн ажиллах болно” гэдгийг онцоллоо.
"БИ ӨӨРИЙНХӨӨ ХИЙЖ ЧАДДАГ ЗҮЙЛИЙГ ХАРУУЛЖ, АНХААРДАГ ЮМЫГ ЗАЛУУ ЭМЧ НАРТ ХЭЛЖ ӨГЛӨӨ"
Хоёр өдөр үргэлжилсэн тус сургалтын талаар “Гурван гал” эмнэлгийн мэс заслын эмч, Дурангийн мэс заслын загвар төвийг санаачлагч, зохион байгуулагч Б.Ононтой товч ярилцлаа.
-Та сая цөсний хүүдий авах мэс засал хийлээ. Энэ хэр түгээмэл мэс засал вэ. Монголд дурангаар л хийж байгаа юу?
-Энэ ер нь түгээмэл мэс засал. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа улсын болон хувийн эмнэлгүүд хэрэв цөсний мэс засал хийдэг бол дурангаар хийж байгаа. Дэлхий даяараа дурангаар хийдэг болсон. Үнэхээр хүндрэл байх юм бол нээлттэй хагалгаанд шилжүүлж байгаа байх. Дурангийн хагалгаа нь санхүүгийн хувьд үнэтэй. Энэ хагалгаа нь өртөг өндөртэй гэдэгт л ялгаа бий.
-Сая эмч нарт хагалгааны үйл явцыг шууд дамжуулж үзүүллээ. Ингэх нь ямар үр дүнтэй байдаг вэ?
-Байгаа юмыг байгаагаар нь үзүүлж байгаа хэрэг. Youtube дээрээс видео үзэж болно л доо. Би өөрийнхөө хийж чаддаг зүйлийг харуулж, анхаардаг юмыг залуу эмч нарт хэлж өглөө. Би өөрөө залуу эмч. Гэхдээ арваад жил болчихсон байна. Энэ төвийг нээхийн тулд олон газар сурсан. Түүнийгээ бусадтай хуваалцаж байгаа.
-Johnson&Johnson брэндийн зүгээс багаж, хэрэгслээр ивээн тэтгэсэн гэж байна. Юунд хэрэглэгддэг, ямар багаж вэ?
-Johnson & Johnson Medical брэнд манайд ивээн тэтгэгчээр оролцсон. Тэдний хувьд оёгч багаж, нэг удаагийн хэрэглээний утас, зүүгээр хангаж өгсөн. Мөн зүсдэг хутгыг хагалгааны явцад үнэгүй хэрэглүүлсэн. Энэ бол маш үнэтэй багаж. Үүний үр дүнд хагалгаагаа амжилттай хийлээ. Мөн дэлхийн брэнд болсон Johnson & Johnson Medical брэндийн багаж, хэрэгслээр залуу эмч нарт хичээл зааж, туршлагаа хуваалцсан нь сургалтын үр дүнд сайнаар нөлөөлсөн гэж бодож байна. Хамтран ажилласан Johnson & Johnson Medical брэндийн албан ёсны дистрибютор “Монголиан Стар Дистрибюшин” компанийн хамт олонд талархсанаа илэрхийлье.
ИВЭЭН ТЭТГЭГЧИЙН ЗҮГЭЭС АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЧ, ДУРСГАЛЫН ЗҮЙЛ ГАРДУУЛЛАА
Johnson & Johnson Medical брэндийн албан ёсны төлөөлөгч Галина Бобрякова “Энэхүү сургалтад өөрийн биеэр ирж оролцсон бөгөөд манай компани мэргэжлийн эмч нарын сургалтад үргэлж дэмжлэг үзүүлж ирсэн. Ингэж дэмжихдээ мэдээллийн болон техникийн гэсэн хоёр талын дэмжлэг үзүүлж ажилладаг. Миний хувьд мэс заслын утасны Ethicon брэндийг төлөөлж ирсэн. Манай компанийн нийлүүлдэг утсыг Монголд төдийгүй дэлхий даяар өргөн хэрэглэдэг. Цаашид бид энэ Дурангийн мэс заслын загвар төвийн үйл ажиллагааг дэмжиж ажиллахдаа таатай байх болно" гэдгийг онцолсон юм.
Эмнэлгийн байгууллагуудад болж буй ийм төрлийн сургалтыг зохион байгуулахад бизнесийн байгууллагууд, ивээн тэтгэгчдийн дэмжлэг хамгаас чухал байдаг гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцлоод хоёр өдрийн сургалтыг ивээн тэтгэсэн "Монголиан Стар Дистрибюшин" ХХК-ийн хамт олонд талархлаа илэрхийлэв.
Сургалтын дараа ивээн тэтгэч компанийн зүгээс Дурангийн мэс заслын сургалтыг санаачлагч, зохион байгуулагч эмч Б.Ононд дурсгалын зүйл гардууллаа. Энэ үеэр "Монголиан Стар Дистрибюшин" компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Т.Алтанзул “Цаашдаа манай компанийн зүгээс дэлхийн брэнд болсон бараа бүтээгдэхүүн, эм эмнэлгийн багаж хэрэгслээр Дурангийн Мэс Заслын Загвар Төвийн үйл ажиллагааг дэмжиж, урт хугацаандаа хамтарч ажиллана гэдэгтээ итгэлтэй байгаа, мөн сургалтаар хамтын ажиллагааны үндсийг тавьсандаа таатай байна. Танай баг, хамт олонд улам их амжилт хүсч, Монголын эмнэлгийн салбарын цаашдын хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулж, орон зайгаа бий болгоно гэдэгт итгэлтэй байна” гэв.