С.Болормаа: “Монголиан Стар” гэдэг нь манай гэр бүлийн өмчлөх эрх бүхий нэр юм.


Монголчууд бидэнд дэлхийд алдартай Mercedes Benz, Chrysler, Johnsons baby, Huggies, Kotex, Moet, Hennessy зэрэг брэндүүдийн албан ёсны дистрибютерээр танигдсан “MСM” буюу “Mонголиан Стар Мелшерс” компанийн нэрийг ирэх оны эхнээс ашиглахгүй байхаар хөрөнгө оруулагчид тохиролцжээ. “MСM” компани хойшид “Монголиан Стар Менежмент Корпорэшион” нэрээр замнах болсон бөгөөд тус компани нь “Монголиан Стар Дистрибюшин” ХХК, “Монголиан Стар Пропортэйз” ХХК зэрэг охин компаниудыг эгнээндээ нэгтгэсэн, үндэсний 100 хувийн хөрөнгө оруулалттай компани болон ажиллах болжээ. Энэхүү шинэчлэлт, өөрчлөлт болон тус компанийн хэтийн төлөв, хөгжлийн талаар “Монголиан Стар Менежмент Корпорэшион” ХХК-ийн Ерөнхий захирал С.Болормаатай ярилцлаа.


Сур: “Монголиан Стар Мелшерс” компани нэрээ өөрчлөх болсон шалтгаан юу байв? Зөвхөн нэр төдийгүй үйл ажиллагааны хувьд ч нэлээдгүй өөрчлөлтүүд орсон гэж ойлголоо. Энэ сэдвээр ярилцлагаа эхлүүлье.
С.Б: “Монголиан Стар Мелшерс” компани нь 1998 онд Монгол, Америк, Герман улсын хамтарсан хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдсан түүхтэй бөгөөд гадаад худалдааны чиглэлээр, тэр дундаа дэлхийд алдартай олон брэндүүдийг анхлан Монголын зах зээлд нийлүүлж, олонд танигдсаныг хэн бүхэн мэднэ. “Монголиан Стар Мелшерс” компанийн гадаад хөрөнгө оруулагч нар удаан хугацаагаар Монголд байх сонирхолгүй болсон учраас бид үйл ажиллагаагаа тусгаарлах шийдэлд хүрсэн юм. Тиймээс 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн бид “Монголиан Стар Менежмент Корпорэшион” хэмээх 100 хувийн үндэсний хөрөнгө оруулалттай, тодорхой бизнесийн салбаруудад бие даасан үйл ажиллагаа явуулах салбар компаниудыг нэгтгэсэн групп компани болж өөрчлөгдсөн.

Сур: “Монголиан Стар” гэх тодотголыг танай компани өвлөх бүрэн эрхтэй үлджээ. Мелшерсийг Менежмент болгон өөрчилж тийм үү?
С.Б: Тийм ээ. “Монголиан Стар” гэдэг нь ганц миний төдийгүй манай гэр бүлийн өмчлөх эрх бүхий нэр юм. Миний аав, ээж тэртээх 1991 онд “Star” (Стар) нэртэй зочид буудал байгуулж байсныг хүмүүс сайн мэднэ. Би өөрөө 1997 онд “Монголиан Стар Интернэйшнл” компанийг байгуулж байсан. “Монголиан Стар Мелшерс”-ийн тухайд Мелшерс гэдэг нь Герман хөрөнгө оруулагчийн овог байсан юм. Харин одоо бид үйл ажиллагаагаа тусгаарлаж, ноён Лауренц Мелшерсийн овгийг “Менежмент” гэсэн үгээр сольсон.
 
Сур: Бизнесээ тусгаарлах үед компанийн нэрийг өөрчлөх талаар тохиролцсон хөрөнгө оруулагчдын тохироо юу байсныг дэлгэрүүлж тайлбарлаач, зарим олон нийтийн үйл ажиллагаа, зар сурталчилгаа зэрэгт “Монголиан Стар Мелшерс” гэх нэр өнөөг хүртэл ашиглагдаад байгаа, мөн олны дундах МСМ гэсэн ойлголт хэвээр байгаа ажиглагддаг?
С.Б: Үйл ажиллагаагаа тусгаарласан хоёр байгууллагууд аливаа олон нийт рүү хандсан бүх төрлийн зар сурталчилгаа, албан хэрэг, мэдээ мэдээлэл зэрэгтээ компанийн хуучин нэрийг гэрээ байгуулагдсан өдрөөс эхлэн ашиглахгүй байх үүргийг хүлээсэн. Харин төрийн байгууллагуудаас тавьдаг шалгуурыг хангахад тодорхой хугацаа шаардлагатайг харгалзан үзэж 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хуучин нэрийг ашиглаж болохоор хуучин хөрөнгө оруулагчдад хугацаа өгсөн. Үүнээс хойш “Монголиан Стар Мелшерс” гэх нэрийг хэн хэн маань ямар ч үйл ажиллагаанд ашиглахгүй байх үүрэгтэй. Гэрээний хугацаа ойртож байгаа тул нэр солих ажлаа хуучин хөрөнгө оруулагчид маань яаравчилж байгаа хэмээн ойлгож байна.
 
Сур: Ярилцлагаа танай компанийн бизнесийн түүх, ололт амжилтын талаарх сэдэв рүү чиглүүлье. Өнөөдөр өргөн хэрэглээний барааны импортын худалдаа эрхлэгч салбар компани тань Johnsons & Johnsons брэндийн төлөөлөл болсоноор багагүй хугацааг өнгөрөөж, Монголын зах зээлд мэдэхгүй хүнгүй болж. Бяцхан хүүхдүүдээс эхлээд тэдний аав ээж, өвөө эмээ нар зөвхөн энэ л брэндийг сонгон хэрэглэж байна. Дэлхийд алдартай, нэр хүндтэй компанийн албан ёсны дистрибютерээр ажиллана гэдэг асар өндөр хариуцлага биз?
С.Б: Тэгэлгүй яахав. Өнөөдөр бид дэлхийд алдартай гурван компанийн албан ёсны дистрибютерээр ажиллаж байна. Өндөр үүрэг хариуцлагаас гадна асар их нэр төрийн хэрэг байдаг. Дэлхийд хэдийнээ танигдсан нэр хүндтэй компаниудын хувьд нарийн тооцоолол, шинжилгээ судалгаанд үндэслэн хөрөнгө оруулалтаа тэлдэгийн зэрэгцээ бараа бүтээгдэхүүнийхээ чанарыг үргэлж сайжруулж, тогтвортой хөгжүүлэхийн тулд нийгмийн хариуцлагадаа ихэд анхаардаг. Тэд ганцхан ашиг олохын төлөө бизнес эрхлэдэггүй. Олон зуун жилийн түүхтэй компаниудын хувьд нийгмийн хариуцлагаараа бусдаас ялгардаг онцлогтой. Олон улсад нэр хүндтэй компаниудын тогтвортой үйл ажиллагааг баталгаажуулсан зөв системийг Монголд оруулж ирэх, олон зууны турш хуримтлуулсан туршлагыг нутагшуулах арга нь дистрибютерээр ажиллах арга байсан юм. Нөгөөтэйгүүр аль нэг улсын эдийн засгаас хамаарал нь бага байдаг том компанийн дистрибютер байх нь манай улсын эдийн засаг хумигдаж буй нѳхцѳлд бидэнд үйл ажиллагаагаа тогтвортой явуулах боломж олгодог. Дэлхийд мөрөө гаргасан компаниуд маркетинг, брэндинг, шинэ бүтээгдэхүүний хөрөнгө оруулалтаа аль болохоор зогсоодоггүй, тиймдээ ч бид ирэх онд Монголынхоо хэрэглэгч нартаа олон улсьн зах зээлд шинээр гарч байгаа бараа бүтээгдэхүүнээс танилцуулж, бизнесээ өргөжүүлж явах бодолтой ажиллаж байна.
 
Сур: Дэлхийд танигдсан шилдэг брэндүүдийг Монголын зах зээлд анх оруулж ирэхэд бэрхшээл байв уу. Монголын зах зээл жижиг, хэрэглэгч цөөн гэх мэт сул тал цөөнгүй. Гологдож байгаагүй юу. Монголын эдийн засгийн хэтийн төлөвийг та хэрхэн төсөөлж байна вэ?
С.Б: Ний нуугүй хэлэхэд анх гологдож байсан. Хүн амын жилийн дундаж орлого мянган ам.доллар ч хүрдэггүй, сарын 60-70 ам.долларын цалинтай байх үед дэлхийд танигдсан компанийн дистрибютерээр ажиллахаар зориг шулуудан очиж уулзаж байсан юм. Айл өрхийн сарын орлогын 70-80 хувь нь хүнсэнд зарцуулагддаг тийм л үеэс бид Johnson & Johnson, Kimberly Clark компанийн брэндүүдийг оруулж ирсэн. Монголынхоо эдийн засгийг өөдрөгөөр төсөөлж, түүнийгээ ч ханган нийлүүлэгч нартаа итгүүлж чадсаны ачаар том компаниудын албан ёсны дистрибютерээр ажиллаж эхэлсэн. 2009 оны хямралыг эс тооцвол 2012 он хүртэл манай улсын эдийн засаг эрчимтэй хөгжиж байсан. Ойрын нэг хоёр жилдээ бага зэргийн хүндрэл учрахыг үгүйсгэхгүй ч цаашдаа улс орны маань эдийн засаг, хүмүүсийн маань ахуй амьдрал улам л сайжирна, сайхан болно гэдэгт итгэдэг.
 
Сур: Манай улсын хувьд улс төр, эдийн засаг нь хэт холилдож, улс төрчид нь бизнесийн бүлэглэлийн хараат болсон бол бизнесмэнүүд нь аргагүйн эрхэнд улс төрд ордог гэх мэт гаж үзэгдлүүд газар авсныг та хэрхэн дүгнэж байна вэ?
С.Б: Миний бодлоор улс төр, эдийн засаг хоёр бол нэг гэрийн хос багана юм. Айл гэрт гэрийн эзэн, эзэгтэйн үүрэг өөр өөр байдгийн адил улс орны эдийн засаг, улс төрийн хүрээнийхний хүлээх үүрэг, үүрэх ачаа ангид байх учиртай. Гэтэл Монгол гэдэг айлын аав, ээж хоёр тус тусын үүргээ төдий л сайн биелүүлж чадахгүй байна. Төр засгийн буруу бодлогын уршгаар эдийн засаг муудах үед хувийн хэвшлийнхэнд, тэр дундаа хөлөө олсон цөөн хэдэн компаниудад хүнд хүчир ачаа үүрүүлдэг. Харин хувийн хэвшлийнхэн улс төрд нөлөөллѳѳ тогтоохыг оролдох үйлдлүүд ихээхэн харагдаж байна. Энэ мэт буруу үйлдлүүдийг бид засч залруулах хэрэгтэй байна.  
 
Сур: Та эдийн засагч хүн үү?
С.Б: Үгүй дээ. Би хуульч мэргэжилтэй. Япон улсын Осакагийн их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Сургууль төгссөнийхөө дараа АНУ-ын Лос Анжелес хотод зѳвлѳх үйлчилгээ үзүүлэх компанид ажиллаж байсан. Санхүү эдийн засгийн чиглэлээр Харвардын Бизнесийн Сургуулийн богино хугацааны сургалтанд суралцсан боловч хамгийн их мэдлэг туршлагаа сүүлийн 20 гаруй жил компаниа хөгжүүлэхийн төлөө хичээн зүтгэсэн хугацаанд олж авсан. 
 
Сур: Гадаадад мэргэжил мэдлэг эзэмшсэн, гадаадын улс оронд компани байгуулан ажилласан хүмүүс эх орондоо буцаж ирэх нь цөөн байдаг. Ихэвчлэн тухайн нутаг орондоо суурьшин аж төрөх нь бий. Таныг Монгол руу юу татсан бэ?
С.Б: Би чинь Монголдоо төрж өссөн, монгол хүн шүү дээ. Тиймээс Монголд үйл ажиллагаа явуулах нь хүмүүстэй ойлголцох, танил мэдлийн хүрээний хувьд ч хамаагүй амар байсан. Монголоо гэсэн сэтгэл л нааш татсан даа. Хойшдоо ч миний үр хүүхдүүд энэ л нутагт аж төрнө. Бизнесмэн хүн бол тав, арван жилийн цаадахыг бус, 100-150 жилийн цаадахыг харах учиртай гэж би хувьдаа боддог.
 
Сур: Танай компани өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс гадна эрүүл мэндийн салбарт ажиллах болсон. Эрүүл мэндийн салбар эмзэг бөгөөд асар хариуцлагатай салбар санагддаг. Монголчуудын хувьд ч эрүүл мэндээ хамгаалах гэхээсээ өвдсөн хойноо эмчилж эдгэрүүлэхийг л боддог буруу сэтгэлгээтэй. Ийм нөхцөлд энэ салбарт ажиллах бэрхшээлтэй биш үү?
С.Б: Эрүүл мэндийн салбар боловсролын салбарын нэгэн адил улсын хяналтад, тогтолцоог нь зөв барихыг шаардсан эмзэг салбар гэдэгтэй санал нэгдэж байна. Өндөр хариуцлагатай, хамгийн үнэ цэнэтэй салбар ч гэж болно. Хүний эрүүл мэнд, амь нас гэдэг бүхнээс үнэтэй болохоор тэр. Одоогоор энэ салбарыг төгс хөгжүүлсэн, систем аргачлалыг нь нарийн гаргачихсан улс орон алга л байна. Эдийн засгийн хувьд ч асар их нөлөөтэй энэ салбарт хөрөнгө оруулахаар зориг шулуудсан болохоор бэрхшээж, бэргэх зүйл алга. Хүмүүсийн уламжлалт энэ сэтгэлгээ коммунизмын үеэс үүдэлтэй л дээ. Бүгдийг улсын, нийгмийн өмч гэж сэтгэдэг байсан социалист нийгмийн үед тухайн хүний эрүүл мэнд ч нийгмийн өмч мэт сэтгэж байсан байх. Цаашид энэ үзэл бодол аажмаар өөрчлөгдөж, халаагаа өгнө. Эрүүл мэнд хэчнээн үнэтэйг хүмүүс ойлгож эхэлж байна. Өвдсөнийхөө дараа эмчлэх бус, эрүүл мэндээ урьдчилж хамгаалах нь чухал гэдгийг мэдэрч буй хүмүүс олширсоор байна. Тиймээс ч хүвь хүн ѳѳрийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэхэд зориулсан хөрөнгө оруулалт нь ирээдүйд хамгийн үр өгөөжтэй хөрөнгө оруулалт байх юм.
 
Сур: Таньтай ярилцахын өмнө таны тухай мэдээлэлтэй болох гэж зарим сайтуудаар “хэслээ”. Гэвч таны тухай мэдээлэл бүү хэл зураг хөрөг тань ч ховор байдаг юм байна. Та яагаад хэвлэлд ярилцлага өгдөггүй юм бэ?
С.Б: Хэвлэлийнхэнтэй чөлөөтэй харилцдаггүй нь үнэн л дээ. Хэвлэл мэдээллээр нийтэд нээлттэй байх талаар төдийлэн анхаарч байсангүй. 
 
Сур: Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна. Нээлттэй ярилцсан Танд баярлалаа. Таны бөгөөд компанийн Тань цаашдын ажил үйлсэд амжилт хүсье.

Энэхүү ярилцлагыг хийх явцад Сүрэнгийн Болормааг олон нийтэд их нууцлаг, хатуу чанга хүн байдаг болов уу хэмээн төсөөлж байсан ч харин ч нээлттэй, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, Монголдоо хувийн хэвшлийн бизнесийн салбарыг хөгжүүлэх үйлсэд өөрийн байр сууриа хэдийнээ олсон, чадварлаг, авъяастай бизнесмэн эмэгтэй болохыг мэдэрлээ.
 
Ярилцсан Д.Цээпилмаа