“Монголиан Стар Дистрибюшин” ХХК нь Монгол улсын ирээдүй болсон бяцхан үрс, хүүхэд багачуудын эрүүл мэнд, сайн сайхныг дэмжих, аз жаргал бэлэглэх сайн үйлс бүхнийг дэмжин ажилладаг билээ.
Энэ удаад манай компанийн зүгээс онцгойлон 0-3 насны гэр бүлдээ хаягдсан нийт 19 олдмол хүүхдүүдийг хүлээн авч асрах эмчилгээ тусламж үйлчилгээ үзүүлж байгаа “Хүүхдийн төв сувилал”-ын үйл ажиллагааг дэмжин энэ он дуустал хүүхдийн өдөр тутмын суурь хэрэгцээ болох Huggies живхийг сар бүр бэлэглэж, живхний хэрэглээг нь хангахаар боллоо.
Хүүхдийн төв сувилалд өнөөдрийн байдлаар 0-3 насны 100 гаруй хүүхэд өсөн торниж байна. Сувилалын үндсэн чиглэл нь дутуу болон бага жинтэй нярайг торниулах, 3 хүртэлх насны өсөлт бойжилтын хоцрогдол, хоол тэжээлийн дутагдалтай хүүхдийг эмчлэх, сувилах чиг үүрэг бүхий эрүүл мэндийн байгууллага юм.
Хүүхдийн төв сувиллаас мэдээлснээр нийт олдож ирсэн хүүхдийн 29 хувь нь архичин, 13 хувь нь сэтгэцийн өөрчлөлттэй эцэг эх гэж судлагдсан байна. Эцэг, эхийн таарамжгүй харьцаанаас болж цөөнгүй хүүхэд гэрээсээ дайжиж, хараа хяналтгүй болдог ажээ. Түүнчлэн хүсээгүй жирэмслэлтээс болж нууцаар хүүхдээ хаясан тохиолдол ч цөөнгүй байна. Насанд хүрээгүй байхдаа жирэмсэн болсон эсвэл биеэ үнэлдэг эмэгтэйчүүд төрснийхөө дараа эхний хоногуудад нярай хүүхдээ гээдэг байна. Нярай хаях тохиолдол голдуу Баянгол дүүрэгт бүртгэгддэг ажээ. Ялангуяа Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв буюу Эх нялхаст төрсөн эхчүүд гарахдаа хүүхдээ ойролцоо нь хаях тохиолдол байдгийг ЦЕГ-ын Хэвлал мэдээллийн төвийн байцаагч, цагдаагийн ахмад Д. Оюун ярьж байна.
Эдгээр хүүхдүүд Хүүхдийн төв сувиллыг гэр, эмч ажилчдыг нь аав, ээжээ болгон амьдарч байна. Хүн эцэг, эхээрээ овоглох эрхтэй байдаг авч Хүүхдийн төв сувиллынхан хүүхдүүд анх олдож ирэхдээ гэрчилгээтэй байвал тухайн нэрээр нь овоглодог байна. Харин ямар ч бичиг баримтгүй ирсэнд нь нэр хайрлахдаа бүгдийг нь “Олдох” хэмээн овогтой болгодог ажээ. Эцэг эх, асран хамгаалагч нь олдоосой хэмээн бэлгэдэж ийнхүү овоглодог бололтой. Хүүхдийн төв сувилалд олдмол хүүхдүүд гурван жил амьдрах “визтэй”. Тэднийг гурван жилийн дараа асрамжийн газар эсвэл үрчлэх ирээдүй хүлээж байна.