1. Өөдлөх айл үүднээсээ гэдэг үгийг зүгээр ч нэг зохиочхоогүй. Хаалга болон үүдний хэсэг нь айл гэрийг төлөөлж буй чухал хэсэг бөгөөд хэрэгцээгүй жижиг сажиг зүйлсийг холдуулж, гутал хувцсаа эмх цэгцтэй байрлуулж аль болох цэлийсэн саруулхан байлгах хэрэгтэй. Үүдний коридорын хэсэг нь зай багатай, хавчигдмал байх нь дөнгөж орж ирж байгаа хүний сэтгэл санаанд сөргөөр нөлөөлж, эерэг энергийг хаадаг байна.
2. Зочны өрөө буюу том өрөөндөө хүмүүс ихэнх цагаа өнгөрөөдөг тул хамгийн ихээр анхаарал хандуулж, төгс байлгахыг хүсдэг томоохон хэсэг. Гэхдээ төгс байлгах гэж хэтрүүлэх нь мөн л сөргөөр нөлөөлнө. Хэт олон өнгийн эрээн мяраан эсвэл хурц өнгөөр давамгайлсан, хэт олон тавилга, хэрэгсэлтэй бол тааламжит уур амьсгалыг бүрдүүлэхгүй. Орчин үед аль болох хээ багатай цулгуй, хоорондоо зохицох цөөн тавилгатай зай ихтэй, чөлөөтэй байх шийдлүүд зонхилох болсон. Энэ ч таны сэтгэл зүйд эерэгээр нөлөөлж, арчиж цэвэрлэх цагийг ч хэмнэнэ. Тиймээс хайртай гэж хадгалж ирсэн хуучин тавилгуудаасаа салж зоригтой шинэчлэлт өөрчлөлт хийхийг зөвлөе.
3. Та тав тухыг хамгийн энгийнээр юугаар төсөөлдөг вэ? Хариулт нь дулаахан хөнжил, зөөлөн ор гэдэгт санал нийлж байгаа биз дээ. Хүн амьдралынхаа 3/1-ийг унтаж өнгөрөөдөг учир унтлагын өрөөний тав тухтай байдал нь зочны өрөөнөөс ч чухал. Хэт хурц гэрэлтэй, электрон хэрэгслүүд олноор байрлуулах нь та өөрийнхөө амгалан тайван байдалд занал хийлж байгаагийн шинж. Мэдээж хосуудын хувьд энэ өрөө гэр бүлийн бат бөх байдал хийгээд тэнцвэртэй байдлыг илэрхийлнэ. Тиймээс уламжлалт ёсоор орны хоёр хэсэгт өөр өөрсдийн хэрэгцээт зүйлсээ тавих жижиг ширээ байрлуулахаа битгий мартаарай.
4. Гэрийн эзэгтэйн хувьд гал тогооны өрөө гэдэг тэдний хаант улс л гэсэн үг. Энэхүү өрөөнд ямар тавилга, хэрэгсэл тавих нь хамгийн ойлгомжтой боловч тэднийгээ зөв байрлуулж, тохижуулна гэдэг хялбар зүйл биш. Эд хэрэгслүүд тань хоорондоо шүргэлцэхээр байрлаж огтхон ч болохгүй. Мөн салж гажсан хаалга, шүүгээ байгаа бол тэр дор нь засаж, солих арга хэмжээг аваарай. Мөн ихэнх хүмүүсийн гаргадаг хутга, заазуур гэх мэт жижиг эд зүйлсийг ил байлгах явдлаас татгалзаж тэдгээр зүйлсүүдээ үргэлж хаалттай шүүгээ, хайрцаганд хийж хадгалаарай.
5. Айл гэрийн ариун цэвэр байдлыг угаалгын өрөө нь илтгэж байдаг. Угаалгын өрөө ихэвчлэн зай багатай байх нь элбэг тохиолддог. Тиймээс өрөөний тохиромжтой боломжит газраа аль болох том хэмжээтэй толь байрлуулах нь өрөөг илүү том, цэлгэр харагдуулах болно. Мөн өрөөнийхөө хананд гоо сайхны болоод цэвэрлэгээнийхээ хэрэгсэл, бүтээгдэхүүнүүдээ хийх нэмэлт шүүгээ байрлуулаарай. Ингэснээр ил байснаас илүү эмх цэгцтэй, тансаг өнгө үзэмжтэй харагдах болно.
6. Хэт олон зүйлсийг нэг дор ил байлгах нь замбараагүй байдлыг бий болгодог. Жишээ нь гэртээ байгаа юм чинь гээд хувцас, хэрэглэлээ хааш яаш нь шидэлж залхууралгүй тус тусын зориулалтынх нь шүүгээ, саванд нь хийх. Хэрэглэсэн аяга тавгаа орхилгүй тэр дор нь угааж цэвэрлэх. Угаалгын машинд угаах шаардлагатай зүйлсээ олноор бөөгнүүлэлгүй бага багаар ойр ойрхон угааж заншаарай.
7. Гэрэл гэгээ, дулаан уур амьсгалыг бүрдүүлэх өрөөний гэрэлтүүлэг, чийдэн бас л чухал. Дэлгүүрт өмсөж үзсэн хувцас яагаад сайхан харагддагийн нууц үүнд л оршино. Гэрэлтүүлэг сайтай орчинд юмсын өнгө, материал илүү тод бөгөөд өнгөлөг харагддаг. Мөн өрөөг тань илүү том зайтай болсон юм шиг санагдуулдаг бол эсрэгээрээ бүдэг гэрэлтэй орчин хүнд тайвшруулах мэдрэмжийг төрүүлдэг байна. Харин тохиромжгүй, буруу гэрэлтүүлэгтэй газар хүний зан байдалд нөлөөлөөд зогсохгүй нүдний харааг маш хурдан муутгадаг. Тиймээс ямар өрөөнд ямар гэрэлтүүлэг тавихаа сайтар бодож сонгох хэрэгтэй.
8. Эцэст нь та өөрийн гэр орноо өөрийнхөө хүслээр бөгөөд зөв тохижуулах нь хамгийн эхэнд тавигдах ёстой гэдгийг санаарай. Энэ нь танд бие болоод сэтгэлийн тав тух, амар амгаланг мэдрүүлж түүнээсээ таашаал аван стрессээ тайлах хамгийн гайхалтай эм болох болно.