Нүүр будах үндсэн дараалал

Та нартаа энэ долоо хоногт нүүр будалтын тухай мэдээллүүд хүргэж байгаатай холбогдуулан өнөөдөр нүүр будах дарааллын тухай зөвлөмжийг хүргэхээр шийдлээ.

Нүүр будалтын үндэс суурь нь бол мэдээж арьс арчилгаа. Хааяа нэг салонд үйлчлүүлж иллэг хийлгэхээс илүүтэй өдөр тутмын арьс арчилгаа маш чухал юм шүү.


1. Нүдний будаг: Эн тэргүүний алхам бол нүүрээ цэвэрлэхийн өмнө нүдний будаг арилгагчаар нүднийхээ будгийг арилгаарай. Ихэнх нүүр цэвэрлэгч бүтээгдэхүүнүүд нь усны хамгаалалттай сормуусны будаг, удаан тогтоцтой контурыг арилгах чадваргүй байдаг. Жижиг хөвөнд будаг цэвэрлэгчээ шингээгээд хэсэг хугацаанд зовхин дээрээ тавьж байгаад дотор талаас гадна тал руу нь арчиж авна. Үрвэл үрчлээ үүсэхэд нөлөөлдөг учраас үрж огт болохгүй. Аль болох зөөлөн арчиж аваарай.

2. Цэвэрлэгээ: Бохирдол, будаг, илүүдэл тос зэргийг арилгаж, арьсанд хэрэгцээтэй чийгшлийг багаар ч болов нөхөх үүрэгтэй зүйл бол цэвэрлэгээ. Оройдоо нүүрээ цэвэрлэлгүй унтах нь эцэстээ нүхжилт үүсэх аюултай байдаг бөгөөд үрэвслийг даамжруулж, арьсны коллагенийг бууруулснаас хөгшрөлт хурдацтай явагддаг. Хамгийн гол нь арьсныхаа онцлогт тохирсон нүүр цэвэрлэгч сонгох бөгөөд биеийн саван арьсны хүчил шүлтийн тэнцвэрийг алдагдуулж нүүрний арьсанд маш халгаатай байдаг. Нойтон сальфетка яарсан үед хамгийн тохиромжтой сонголт боловч байнга хэрэглэвэл муу. Хуурай болон холимог арьстай бол сүүн шингэн, тоник, тослог эсвэл энгийн арьстай бол гель, хөөсөн цэвэрлэгч сонговол зүгээр.

3. Гуужуулах: Долоо хоногтоо 3 удаа арьсаа цэвэрлэснийхээ дараа гуужуулж байвал үхсэн эд эсийг зайлуулж, арьсыг зөөлөн эрүүл байлгахад сайн нөлөө үзүүлдэг.

4. Чийгшүүлэх: Ихэнх чийгшүүлэгч бүтээгдэхүүн өдөр шөний тостойгоо нэг цуглуулгад багтсан байдаг. Яагаад гэвэл өдрийн тос нь нарны хэт ягаан туяаны хамгаалалт болон бусад гадны нөлөөллөөс хамгаалах найрлага нь давамгайлсан, шөнийн тос нь үрчлээний эсрэг болон арьсны эд эсийг сэргээх үйлчилгээ нь давамгайлсан байдаг учраас зөвхөн чийгшлийг хангах тусгай бүтээгдэхүүн байх шаардлагатай юм.

5. Будалтын өмнөх бэлтгэл: Өдрийн тос, чийгшүүлэгч зэргээ хэрэглэсний дараа нүүр будалтынхаа өмнө праймер хэрэглээрэй. Суурь энгэсэг тавихын яг өмнө нь.

6. Өө дарагч: Суурь энгэсэгийн өмнө өө дарагч хэрэглэнэ. Энгэсгэнд дарагдахгүй өөг дарж өгдөг ид шид л гэсэн үг. Гараар, багсаар, порлоон гээд аль алинаар нь түрхэж болно.

7. Шингэн энгэсэг: Худалдаж авахдаа гурван өөр өнгийг шанаандаа /бугуй эсвэл гарандаа биш шүү / түрхэж үзээд арьсанд чинь шингээд уусч байгаа нь чамд хамгийн тохиромжтой нь гэж сонгоорой. Багсаар түрхэж хэрэглэвэл хамгийн тохиромжтой.

8. Нүд: Эхлээд арьсныхаа өнгөтэй ижил нүдний тениэр хөмсөгнийхөө доод хэсгээс сормуусны уг хүртэл бүхэлд нь будвал улайлт болон бусад өө дарагддаг. Дараа нь контураа тавьна. Сормуусаа дэрвийлгэгчээр дэрвийлгээд будна. Будахдаа өргөөш нь хоёр тийшээ хөдөлгөнгөө түрхвэл сормууснууд бөөгнөрөхгүй сайн салж өгдөг.

9. Хөмсөг: Хөмсөг бол нүүрний хүрээ юм. Төрөлхийн хөмсөгнийхөө өнгөтэй ижил өнгөөр будвал илүү натурал харагдана. Мөн зөвхөн доороос нь засч байвал сайн. Эцэст нь уруулаа будаж, хацар өнгөлөгч түрхэж тодруулахад болно.


Ингээд нүүрээ зөв дарааллаар будаж дууссан бол өнөөдрийг өөртөө итгэлтэй, цоглог өнгөрүүлээрэй :)