Угжны цоорол

Хүүхдийн сүүн шүд хэдий тодорхой хугацааны дараа байнгын шүдээр солигдох хэдий ч хүүхдийн сүүн шүдийг зөнд нь орхиж, тоохгүй байж болохгүй. Хүүхдийн шүд эрүүл байх нь хоол хүнс зажлан идэх, үг авиаг зөв тод хэлэх, инээхэд чухал нөлөөтэй байдаг. Энэ нь нялх хүүхдийн амны хөндийн арчилгааг зөв хийх нь байнгын шүдний ургалтад ч мөн эерэгээр нөлөөлж, хүүхдийн нийт эрүүл мэндэд ч анхаарал хандуулж байгаа хэлбэр юм.
 
Угжны цоорол гэж юу вэ?

Хүүхдийн угжны цоорол нь үүдэн бүлэг шүднүүд цоорсон байдлаар мэдэгддэг ч үзлэгээр бусад шүднүүд нь ч мөн цооролд өртсөн байх нь элбэг байдаг. Угжны цоорол үүсэх маш олон шалтгаан бий. Нэг томоохон шалтгаан нь сахар агуулсан сүүн бүтээгдэхүүн хүүхдийн аманд удаан хугацаагаар байлгах юм. Энэ нь хүүхдийг угж хөхүүлж унтуулах аль эсвэл тайвшруулах зорилгоор аманд нь соосго хөхүүлэх зэрэгт үүсдэг. Шүдний цоорол үүсгэгч эрсдэлт нянгууд ихэнхдээ эхний удаа эхийн амнаас шүлсээр дамжин хүүхдэд дамжин халдварласан байдаг. Хоолны халбага, эсвэл соосго зэрэг зүйлсийг эхчүүд амандаа хийсний дараа хүүхдэд өгснөөр эхийн амнаас цоорол үүсгэгч нянгууд хүүхдэд дамжин халдварладаг.
 
Угжны цоорлоос хэрхэн сэргийлэх вэ?

Хүүхдийн хоолны халбага, сэрээ, угж зэргийн амандаа хийхээс зайлсхийж хоолоо идсэний дараа маш сайн угааж цэвэрлэж байх хэрэгтэй. Хүүхдийн шүд нь дөнгөж цухуйхаас эхлэн 3 нас хүртэлх хүүхдэд тохирсон жижиг шүдний сойзоор фтортой оог маш бага хэмжээгээр тавьж шүдийг угааж өгч болно.

3-6 настай хүүхдүүдийн хувьд фтортой ооны хэмжээг бага зэрэг нэмж вандуйны хэмжээтэй оо түрхэж шүдийг нь угааж өгч байх хэрэгтэй. Мөн хүүхдийг болж өгвөл хөхөөр хооллож байх нь чухал. Хүүхдийг угж өгч унтуулах биш унтахаас өмнө угж хөхүүлж байх хэрэгтэй. Хэрэв хүүхэд тань соосог хөхдөг бол түүнийг нь сайтар цэвэрлэсний дараа аманд нь хийж байгаарай. Мөн сахар болон зөгийн баланд дүрэхээс зайлсхий.
Мөн хүүхдийнхээ анхны шүд цухуймагц хүүхдийн эмч дээр очиж хүүхдийн эрүүл мэндийн байдлыг шалгуулахын зэрэгцээ шүдний эмчид авч очин эмчийн хяналтанд тогтмол урьдчилан сэргийлэх байдлаар үзлэгт хамрагдаж, эрүүл зөв хооллолтын талаар зөвлөгөө аваарай.