Жирэмсэн үеийн хяналт гэж юу вэ?
Таны бие махбодид үр хөврөл үүсч хөгжин, жирэмсэн гэдэг нь батлагдсанаас хойшхи төрөлт эхлэх хүртэл хугацаанд явагдаж байгаа жирэмсэн үеийн цогц үйлчилгээг жирэмсний хяналт гэнэ.
Эмчийн байнгын хяналтанд байснаар хүүхдийн өсөлт зөв явагдаж байгаа эсэх, таны биед элдэв өвчин эмгэг байгаа эсэхийг эрт илрүүлэн хянаж, жирэмсний болон төрөлтийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломжтой юм.
Тиймээс эрт жирэмсний хяналтанд орох зайлшгүй шаардлагатай. Мөн эмчийн төлөвлөсөн өдөр хяналтандаа тогтмол хамрагдаж өөрийн болон өөрийнхөө хүүхдийн эрүүл мэндийг хамгаалаарай.
Жирэмсний хяналтын ач холбогдол
Эмч таны жирэмсний хугацаа, төрөх хугацаа, амралт авах хугацааг зөв тогтоож өгнө.
Танд болон нөхөрт тань эсвэл найз залууд чинь жирэмсэн үеийн хооллолт, ажил, амралтын дэглэмийг зохицуулах, төрөлтөд бэлтгэх, нярайн асаргааны талаар зөвлөгөө өгнө.
Тохиолдож болох хүндрэлүүдээс урьдчилан сэргийлж, хэрэв хүндрэл тохиолдвол цаг алдалгүй зохих арга хэмжээг авна.
Хэрэв таны жирэмслэлт болон төрөлтийн явцад хүндрэл үүсч таны амь насанд аюул учирч болох эмзэг байдалтай байгаа бол жирэмслэлтийг эрт хугацаанд аюул багатай таслах боломжтой.
Төрөх хугацаа дөхөх тусам жирэмсний үзлэгийн зай ойртоно. Жирэмсний хэвийн үргэлжлэх хугацаа дунджаар дөчин долоо хоног байдаг. Хяналтын эмчид үзүүлэх товлол дараах байдалтай байдаг:
Жирэмсний хяналт нь хэвийн явцтай жирэмсэн эмэгтэйг (12, 20, 28, 32, 36, 38 долоон хоногт) нийт 6 удаа, өндөр эрсдэлтэй жирэмсэн эмэгтэйг (12, 16, 20, 28, 32, 36, 38, 39-40 долоон хоногт) 8 удаа үзлэгт хамрагдуулдаг.
- Жирэмсний эхний зургаан сарын туршид сард нэг удаа
- Дараагийн хоёр сарын хугацаанд хоёр долоо хоног тутамд нэг удаа
- Төрөх хугацаа хүртэл долоо хоногт нэг удаа.