Хувийн санхүүгийн төлөвлөлтөө гаргасаар байтал юунд ч юм мэдэгдэхгүй үрэгдсээр байна уу?
Сарын эцэс гэхэд цалингийн тодорхой хувь нь юунд үрэгдсэн нь мэдэгдэхгүй дуусчихдаг уу? Хэрэв бид санхүүгийн төлөвлөлтөө сайн хийхгүй бол хүсээгүй газраа, хүсээгүй байр суурин дээрээ оччихсон байж магадгүй юм. "Хэрэв та өөрийн санхүүг гартаа оруулахгүй юм бол та өөрөө түүний гарт орно шүү" гэсэн үг байдаг шүү дээ. Санхүүгээ төлөвлөхдөө мартчихдаг байж мэдэх дараах зүйлсийг орууллаа.
Өдөр тутам хэрэглэгддэг бүтээгдэхүүн
Оо чинь дуусах дөхсөн, шинэхэн гутал өмсөөд хөл чинь холгох үед шархны лент байхгүй, нүдний будаг арилгагч чинь байхгүй байна уу. Шархны лент авахаар дэлгүүр орох үед өөрийн мэдэлгүй хэрэгтэй санагдсан олон зүйлс авчихсан байхвий. Ийм учраас санхүүгийн төлөвлөлтдөө өдөр тутамдаа хэрэглэдэг, бага үнэтэй боловч олон төрлийн зүйл худалдаж авах багахан мөнгийг тооцоолох хэрэгтэй.
Гоо сайхны зардал
Маникюр, педикюр, гоо сайханд орох гэх мэт зүйлсэд эмэгтэй хүн бүрийн түрийвчнээс сар тутам зардлууд гарсаар байдаг. Үүнд харин дунджаар сар бүр хэд орчим төгрөг хэрэглэдэгээ тооцоод төсөвлөчихөд хангалттай.
Гэнэтийн зардал
Хэлж ирдэггүй хийсч ирдэг өвчин гэх мэтчилэн хүний амьдралд гэнэтийн зүйл олон тохиолддог шүү дээ. Энэ бүгдэд сар бүр зарцуулахгүй ч төсвийнхөө тодорхой хувийг үргэлж бэлэн байлгах нь маш чухал юм.
Аялал
Аялалд зориулан мөнгө хуримтлуулдаггүй бол яг одооноос хуримтлуулж эхлээрэй. Энэ төсвийн зардал нь заавал нүсэр аялал байх албагүй, найзуудтайгаа хотоос гарж амралт, зугаалганд явах ч мөн орно. Цаашлаад сар бүр мөнгө цуглуулан хуримтлал үүсгээд түүгээрээ хайрттайгаа жилд нэг удаа явахыг хүсдэг газар луугаа хэзээ ч мартагдахааргүй аялал зохиож яагаад болохгүй гэж?
Хувцас болон эд зүйлс
Сүүлийн үеийн загварын хувцас, гутал, цүнх гэхээс илүүтэй, зайлшгүй хэрэгтэй хувцсандаа санхүүгээ төсөвлөөрэй. Өвөл дулаан ороолт малгай, хавар намрын пальтогоо хими цэвэрлэгээнд өгөх төлбөр, зун усны гутал гэх мэт.
Хайртай хүмүүстээ зарцуулах нь
Эмэгтэйчүүдийн баярын өдрөөр ээж, эгчийгээ баярлуулах, найз нөхдийн төрсөн өдөр, ажлын газрынхны цуглаан гэх мэт үйл явдлуудад зориулан сар тутмын төсвийнхөө тодорхой хувийг зарцуулаарай.