Та одоо хүртэл шүдний сойзыг үнэ харж сонгодог юм биш биз?

ШҮДНИЙ СОЙЗЫГ ХЭРХЭН СОНГОХ ВЭ?

Шүдний эмч нар оо, сойзыг хэрхэн хэрэглэж буйгаас шүдний өвчин шууд хамаардаг хэмээж байна. Хүмүүс ихэвчлэн гартаа таарсан шүдний сойзыг худалдан авч хэрэглэдэг. Гэвч шүдний сойз нь үсний ширхэг, хатуу, зөөлөн, урт зэргээсээ хамаараад зориулалт нь өөр өөр байдаг.
Шүдний сойз нь иш болон “ажлын хэсэг” буюу толгой дээрээ үстэй хэсгээс бүрддэг. Шүдний сойзнууд нь толгойн хэмжээ, хэлбэр, үсний байрлал, үсний шигүү нягт байдал, үсний урт, чанар, мөн ишний хэмжээ болон урт зэргээрээ янз бүрийн хэлбэр хэмжээтэй, ялгаатай байна.

 
Хиймэл үсээр хийсэн шүдний сойзнууд нь жинхэнэ үсээр хийсэн сойзноос хэд хэдэн давуу талтай. Шүдний сойзны үс хоорондын зайд нь хоол хүнсний үлдэгдэл наалдан үлдэж, шүдний сойзыг халдвар үүсгэгч, тараагч болгон хувиргадаг. Хиймэл үстэй сойзны үс нь гөлгөр, төгсгөлийн хэсэг нь дугариг, зөөлөн бөгөөд шүдээ угааж байх үед шүдний паалан болон амны салст бүрхүүлийг гэмтээдэггүй. Гэхдээ синтетик үстэй сойзнуудын үс нь хатуу, дунд зэргийн, зөөлөн, маш зөөлөн ч байж болно.

Хүүхдийн шүдний сойзны үс нь зөөлөн эсвэл маш зөөлөн байх хэрэгтэй. Хэрэв шүдний хатуу эд, тулгуур эдийн гэмтэлгүй бол дунд зэргийн болон зөөлөн үстэй сойзоор угааж байж болно. Харин шүдэн дээр өнгөр их үүсдэг хүнд бол дунд зэргийн болон хатуу үстэй сойз илүү тохиомжтой. Шүдээ хатуу үстэй сойзоор угаахаас өмнө эхлээд сойзоо бүлээн усанд барьж, үсийг нь норгож зөөлрүүлэх нь шүдний паалан болон хатуу эдийг гэмтээхээс сэргийлнэ.

Шүдний сойзны толгой нь 25-30 мм-ийн урт, 10-12 мм өргөнтэй байхад тохиромжтой. Харин хүүхдэд 18-25 мм урт, 7-9 мм өргөн байхад болно. Ямар ч шүдний сойз нь толгой хэсгээрээ нарийхан бөгөөд сойзны үснүүд нь 2-2.5 мм зайтай суугдсан байвал илүү сайн цэвэрлэдэг.
Толгой нь өргөн хэлбэртэй бөгөөд үснүүд нь шигүү, хоорондоо хэт ойрхон суугдсан байвал аман доторхийг цэвэрлэхдээ муу бөгөөд хүндрэлтэй. Үсний урт нь 10-12 мм хэтрэхгүй урттай, үсний уртыг жигд тайрсан байвал сайн. Учир нь урт, богино үстэй бол урт хэсэг нь түргэн элэгдэж, богино хэсэг нь ашиглагдахгүй, өөрөөр хэлбэл шүднүүддээ хүрч чадахгүй болж, улмаар муу цэвэрлэдэг.

Шүдний ооны төрөл: Шүд угаахад хэрэглэгдэх үндсэн хэрэглэгдэхүүний нэг нь шүдний оо билээ. Шүдний оог дотор нь 4 бүлэгт ангилагдах ба үүнд эрүүл ахуйн зориулалттай, урьдчилан сэргийлэх, үрэвслийн эсрэг, үнэр дарагч оо гэж тус тус ангилна.
Хэрэв таны амны хөндийд ямар нэгэн өвчлөл илрээгүй бол эрүүл ахуйн зориулалттай оог хэрэглэх нь тохиромжтой. Шүд шүдлэж буй үе, шүд шүдэлсний дараах үеүүдэд эрдэсжүүлэгч бодис /фтор/ агуулсан оо хэрэглэвэл шүдний хатуу эдийн батжил сайжирна.

Бохь бол шүд цэвэрлэх бас нэгэн хэрэгсэл. Хооллосны дараа цаг хагас хэртэй бохь зажилахад ходоодны шүүс ялгарч хоол боловсруулах үйл ажиллагааг эрчимжүүлж өгдөг. Гэхдээ ходоодны хүчил ихтэй хүн болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.