Хүүхдийн эмчийн зөвлөгөө өгөх булан 2016.01.07


Асуулт: Сайн байна уу. Миний охин 2 сартай. Ханиад хүрээд цэрэндээ хахаад уруул ам нь хав хав болж амьсгаа авч чадахгүй хэсэг байж байгаад авах юм. Кали, иод болон азатрил өгч байгаа. Ийм байдалтай долоо хонолоо. Одоо нэг удаа л амьсгаа авч чадахгүй болчихвий гэж айх юм. Зөвлөгөө өгнө үү.
Хариулт: 2 сартай хүүхдэд цэр ховхлох эм хамаагүй өгч болохгүй. Ялангуяа оройн цагаар цэр ховхлох эм битгий өгөөрэй. Цэр их ялгарвал нярай хүүхэд өөрөө гадагшлуулж чадахгүй цэрэндээ бөглөрөх гээд байдаг. Хэрвээ хоолой дээр сул цэр ихтэй, хахах маягтай байвал эмчид үзүүлж соруулах нь зүйтэй юм. Цэр ховхлох эмийг ийм олон хоногоор ууж хэрэггүй. Өөрийнхөө хяналтын эмчид үзүүлж, эмчилгээгээ шинээр заалгаж аваарай.

 Асуулт: Манай хүү бас 2 сартай. Цэртэй ханиалгаад байна.
Хариулт: Та хүүхэддээ цэр ховхлох эм эмчийн зааваргүйгээр өгч болохгүй. Их ханиадтай байгаа бол чагнуулж, ямар эм өгөхийг эмчийн заавраар хэрэглэ. Нярай хүүхдэд цэр ховхлох эм өөрийн дураар өгч болохгүй. Муцера гэдэг сиропыг 2.5мл-ээр 6 цагийн зайтай өгч болно. Орой 18 цагаас хойш уулгаж болохгүй. Давхар ханиалга намдаахаар витамин С уусмалаар 2 хоногоос илүүгүй, аньсны ханд сиропоор биш навчаар хандалж буцалгаад 2.5мл-ээр 6 цагийн зайтай өгөөрэй. Хөхөө сайн хөхүүлэх хэрэгтэй.

Асуулт: Сайн байна уу эмчээ. 2,3 удаа ханиалгаад байна. Нус гоожоогүй, хамрандаа нустай байгаад байна. Вит С гурваар өгч байгаа, ханиад мөн үү? Хамрын дор гурвалжин хөх туяатай байдаг юм арилахгүй юм. Мөн өдөр болгон гадаа агаарт гардаг. Энэ юуных вэ?
Хариулт: Хүүхэд тархины хүчилтөрөгч дутмагшилтай үед хамар, уруулын гурвалжин хөхөлбөртэй байдаг. Мөн уйлах үед ачааллын үед хүүхдийн уруул хөхөрч байна уу гэдгийг ажиглаарай. Хүүхэд ханиад, шуухинаатай үед хамрын салс ихээр ялгарч хамар битүүрдэг. Тиймээс Витамин С-н уусмалаас гадна маш сайн хөхүүлж, хамрыг цэвэрлэж өгөх хэрэгтэй. Хамрыг натрихлоридын 0,9%-н уусмал, нэрмэл ус, бүр боломжгүй бол буцалсан усаар 1 дуслыг дусааж, 5 минут хүлээгээд голгүй имэрч бэлдсэн нарийн хөвөнгөөр эргүүлэх хөдөлгөөнөөр нусыг цэвэрлэж авна. Хүүхдийн тархинд хүчилтөрөгч дутагдахад хамрын доод хэсэг хөхөрч болно. Хүүхэд томрох, жин нэмэх, агаарт сайн гаргахын хэрээр сайжирч хөхрөлт алга болно. Харин нэмэгдэх хандлагатай бол мэдрэлийн эмчид үзүүлэх нь зөв.

Асуулт: Сайн байна уу эмчээ. Манай хүүхэд одоо 5 сартай. Жин сайн нэмэгдэхгүй юм. Одоо 7кг байна, 4 сартайдаа 6кг800 байсан. Энэ зүгээр үү? Хэрхэн жинг сайн нэмэгдүүлэх вэ? Зөвлөгөө өгөөч. Баярлалаа
Хариулт: Хүүхдийн жин 6 сартайд 7 кг 500-с дээш байх ёстой. Сардаа 800 гр-с дээш нэмэгдэж байх ёстой. Тэгэхээр 6 сартай хүүхэд нэмэгдэл хоолонд орсон байх ёстой. Хүүхэд 2цаг 30 минутаас 3 цагийн зайтай хооллодог гэж тооцоход 2 удаагийн хооллолт нь бантан, каш байхаас гадна нэг удаадаа 125-150мл орчим идэж чаддаг болсон байх ёстой юм. Одоо бантанг 2-3 халбагаар эхлүүлж өдөр бүр бага багаар нэмж нэг удаадаа 125мл иддэг болсны дараа, дараагийн нэмэгдэл хоолонд бага багаар мөн дасгаж оруулаарай. Жишээлбэл нухаш, зутан гэх мэт. Тэгээд нэг удаадаа 150-175мл хөхний сүү идэх ёстой. Кашыг сүүнд чанаж бэлдэж өгөөрэй. Танай хүүхдийн хувьд 5 сартай тул 100-120 мл каш шингээж чаддаг болсны дараа бантан эхэлвэл зүгээр байх. Нэмэгдэл хоол өгөхийн өмнө хөхний сүүгээ хөхүүлэхгүй байвал дээр юм.

Асуулт: Удахгүй төрөх юм. Төрсний дараа хөхний толгой ойр ойрхон хагараад байх юм гэх юм. Төрөхөөсөө өмнө хэрхэн бэлтгэх вэ? Их эмзэг арьстай. Бепантен тосыг урьдчилан түрхээд байж болох уу?
Хариулт: Хөхний толгойг хүүхдийг төрөхөөс өмнө хөхүүлэхэд бэлдэж эхэлдэг. Ингэхдээ өдөрт бага хугацаагаар ч болов хөхний толгойг зөөлөн имэрч гадагш илүү сайн гаргах хэрэгтэй. Удаан хугацаагаар хамаагүй ширүүн имэрч болохгүй. Хөхний толгой хагарах шалтгаан нь хүүхдийг буруу үмхүүлж хөхүүлснээс голдуу болдог. Тэгэхээр хүүхдээ зөв тэврэх, зөв хөхүүлэх аргад бас суралцах хэрэгтэй. Хүүхдийг аль болох хөхний толгойг лав үмхүүлж, хөхний нөсөөт хэсгийг нилээн лав үмхүүлэх хэрэгтэй. Та нарт байдаг эх хүүхдийн ягаан дэвтэрт хүүхдийг үмхүүлэх, тэврэх аргуудыг бичсэн байгаа. Тэндээс уншаарай. Одоогоор хөхний толгой улайж хавдсан шархлаа байхгүй бол тос түрхээд хэрэггүй.

Асуулт: Сайн байна уу эмчээ. Миний хүү 6 сартай. Шөнө унтахдаа муу, ойр ойрхон сэрээд толгой нь хөлрөөд байх юм. Агаар дутагдаад байгаа юм болов уу?
Хариулт: Сайн байна уу. Агаар дутагдахаас гадна хүүхэд рахиттай байх үед хүүхэд тайван бус, цочромхой хөхөө хөхөх, унтах үедээ хөлрөх, шээс үнэртэй болох шинжүүд илэрдэг. Иймээс хүүхдэд витамин D, эмчилгээний тунгаар уулгах хэрэгтэй. Манай оронд нарны туяа ховор тусдаг, өвлийн улиралд D-г байгалиас авч чадахгүй учраас витамин Д-г заавал уух хэрэгтэй. Хэрвээ ууж байгаа бол тунг таарч байгаа эсэхийг шалгуулаарай.

Асуулт:  Хамрыг цэвэрлээд наана нь нус байхгүй хэрнээ цаана хяхтнаж дуугараад байх юм. Буцалсан ус хийж доош нь харуулж үзсэн, олигтой юм гарахгүй юм. Яах вэ?
Хариулт: Сайн байна уу, хүүхдийн хамар нусаар битүүрээгүй мөртлөө битүүрсэн байдалтай хяхтнаж дуугараад байвал ялгарч байгаа нус шингэрсэн, хамрын салстууд хөөнгөтөхөөр тэгдэг. Иймээс салстын хаванг бууруулах шаардлагатай. Ялгаагүй хамрыг ухаж цэвэрлэлгүйгээр дусаалга хэрэглэж болно. Нярай хүүхдэд Салин гэдэг дусаалга хамгийн тохиромжтой байдаг. 1-2 дуслаар 6 цагийн зайтай 2-3 хоног дусаагаарай. Хүүхдийн хамар битүү, удаан байвал чих өвдөх эрсдэлтэй байдаг.

Асуулт: Манай хүү 4 сартай. Түнхний дутуу хөгжилтэй гээд намайг Пантошка витамин гурван хайрцгийг уу гэсэн. Хүүхэддээ  шууд өгч болох болов уу?
Хариулт: Сайн байна уу. Ээж өөрөө Пантошка ууж болно. Гэхдээ энэ эмэн доторх кальцын агууламж тун бага байдаг. Хүүхдэд Пантошкаг 6 сартайгаас эхэлж уулгавал зүгээр. Эм уухаас гадна хүүхдийг ташаан дээрээ мордуулж тэврэх, шөнө унтахад нь 2 давхар живх өмсүүлэх зэрэг арга хэмжээг авч болно.

Асуулт: Манай охин 8 сартай. Өчигдрөөс шингэн нус гоожоод Вит С, аньсны шүүстэй өдрийн гурваар өгч байна. Өөр яавал зүгээр вэ? Анапрониг урьдчилан сэргийлэх байдлаар уусан.
Хариулт: Сайн байна уу. Хоргүй зөөлөн эм өгөхөөс гадна шингэн нус гарч байгаа хүүхдэд шингэн бүлээн зүйл сайн уулгах хэрэгтэй. Дархлааг дэмжиж өгөх хэрэгтэй. Хэрэглэж байгаа эмнүүдээ хэрэглэхээс гадна Виферон 150,000ме-тэйг шулуун гэдсээр өдөрт 1-2 удаа 1 ширхэгээр хэрэглэж болно. Энэ нь дархлааг дэмжиж өгдөг мөн жор50 гэдэг бэлдмэлийг 8 цагийн зайтай 2-3 хоног хэрэглээрэй. 5 хоногийн дараа шинж тэмдэг арилахгүй бол эмчид давтан үзүүлэх хэрэгтэй байдаг.

Асуулт: 10 сартай хүүхэд хэдэн шүдтэй байх ёстой вэ? Охин маань дээр доороо нийт 8 шүдтэй, гэтэл араа цухуйгаад гараад ирсэн байгаа.
Хариулт: Хүүхдийн шүдлэлт 6 сартайгаас эхэлдэг. 6 сартай эхний хоёр шүд цухуйж, сар бүр хоёр хоёроор нэмэгдээд явдаг. Танай хүүхдийн шүдлэлт хэвийн явагдаж байна.

Асуулт: Синоб-акс гэдэг эмийг ойтой хүүхдэд өгдөг үү, өгдөггүй юу?
Хариулт: Синобакс гэдэг эм болон түүнтэй төстэй найрлагатай эмнүүдийг бага насны хүүхдэд хэрэглэдэггүй, эсрэг заалттай байдаг.Учир нь найрлаганд дандаа том хүний дозоор бэлтгэгдсэн байдаг. Хүүхдэд тохиромжтой бэлдмэл нь Жор50, Антигрипин, Baby cool cool гэдэг бэлдмэлүүдээс аль нэгийг сонгон хэрэглэж болно.

Асуулт: Сайн байна уу эмчээ. Манай хүү 9 сартай. Тархины даралт энэ тэр байхгүй. Шөнө унтуулаад удалгүй сэрээд өндийгөөд босох юм. Хэд хэдэн удаа сэрээд тэгж байж нэг юм унтах юм. Шөнө дор хаяж 4 сэрнэ. Ихдээ цаг тутам сэрнэ. Эргэж хөрвөөгөөд заримдаа унтаж чадахгүй байгаан. Хэд хэдэн удаа толгой нь их халсан байсан. Хөхний сүү муу л даа. Тэгсэн ч мөөмөө зуулгаад байдаг. Угжаа бараг уухаа больсон.
Хариулт: Хүүхэд рахиттай байх, хоолоо хангалттай идээгүйгээс болж ойр ойрхон сэрч хөхөө байнга хөхдөг. Хүүхдэд нэмэлт хоол идүүлэх хэрэгтэй. Өдөртөө 2-3 удаа өөрт нь тусгайлан бэлдсэн нэмэгдэл хоолыг 175мл-р байнга идүүлэх ёстой. Тэгэхгүй бол 9 сартай хүүхдийн хоол тэжээлийн хэрэгцээг хөхний сүү дангаараа хангахгүй. Шингэн сайн уулгах хэрэгтэй. Өдөр бүр усанд оруулж чийрэгжүүлэх шаардлагатай.

Асуулт: Шинэ оны мэнд. Манай 4 настай охин хумсаа идээд байх юм. Яах вэ?
Хариулт: Сайн байна уу. Хумсаа мэрдэг хүүхдүүд ямар нэг микро элемент дутагдах, витамины хэрэгцээтэй байх, цус багадалтын үед ийм шинжүүд илэрдэг. Хүүхэд гүйцэт хооллоогүй үед хуруугаа иддэг. Хуруу юу, хумс уу гэдгийг сайн ялгаарай. Хэрвээ хумсаа байнга мэрээд байвал өрхийн эмчид үзүүлэн цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгч шалтгааныг тодруулаарай.
Асуулт: Сайн байна уу эмч ээ. Хүү маань ханиад хүрээд одоо эдгэж байгаа. Нус нь дийлдэхээ болилоо. Юу өгвөл зүгээр вэ? 9 сартай.
Хариулт: 9 сартай хүүхдэд хамрын нус шингэрч байвал хамарт Салин дусаалгаар хэрэглэж, голгүй имэрч бэлдсэн хөвөнгөөр зөөлөн эргүүлэх хөдөлгөөнөөр шингэн нусыг цэвэрлэж авах хэрэгтэй. Ханиадны вирус, нянгууд хамрын салстыг үрэвслүүлснээс нус шингэрч, хамар битүүрдэг. Мөн уухаар Жор50 гэдэг бэлдмэлийг 20-50мл усанд найруулж өдөрт 8 цагийн зайтай хэрэглээрэй. Витамин С-н уусмал 2%-нхыг 5мл-ээр 6 цагийн зайтай 2 хоног хэрэглэж болно. Хүүхдэд шингэн бүлээн юм сайн уулгаж, сайн хооллох хэрэгтэй.

Асуулт: Сайн байна уу. 5 сартай хүүхдийн эрүү үе үе чичрээд байх юм. Төрсөн цагаасаа л хааяа чичирдэг байсан зүгээр болохгүй юм. Энэ ямар нэг сөрөг үр дагавартай юу хариулж туслаарай?
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийн эрүү чичрэх нь хүүхэд тархины хүчилтөрөгч дутмагшилтай байх, дутуу хооллох, цусан дахь глюкозын хэмжээ багасах зэрэг шинжүүд байдаг. Хүүхдийг агаарт сайн гаргаж, тархины цусан хангамж сайжруулах, хүчилтөрөгч дэмжих эмчилгээ хийлгэж болно. Агаарт сайн гаргах нь хүчилтөрөгчийн хэрэгцээг энэнээс илүү хангаж өгдөг. Мөн гүйцэт сайн хооллох хэрэгтэй. Цераксон гэдэг эмнээс 1мл-ээр өдөрт нэг удаа 21 хоног уулгаж болно.

Асуулт: Хүүхдийн хамар байнга битүүрч, усаар цэвэрлэдэг. Хааяа жаахан цустай гараах байх юм. Сиропон эм буюу Вит С тохирохгүй Диатезийн төрөл гэсэн, бага зэрэг ханиалгах гээд байгаа үед нь ямар арга хэмжээ авах вэ? 4 сартай ба эм өгөхгүйгээр дарах арга бий юу?
Хариулт: Сайн байна уу. Хүүхдээ ханиад шуухинааны үед эм хэрэглэхгүй гэж байгаа бол хөхөө сайн хөхүүлж, шингэн сайн уулгах хэрэгтэй. 4 сартай хүүхдийн хувьд хөхөө хангалттай сайн хөхдөг бол хөхний сүүнээсээ хамаг хэрэгцээт шингэнээ авдаг. Тэгэхээр сайн хөхүүлэх хэрэгтэй. Мөн дархлааг дэмжих зорилгоор Виферон гэдэг лаа 150,000ме-тэйгээс өдөрт нэг удаа шулуун гэдсээр хэрэглэж болно. Нийт 7-10ширхэг лаа. Глюконат кальци гэдэг эмийг таблеткаар 4 хуваасны нэгээр өдөрт хоёр удаа 3 хоног хэрэглэж болно.
Асуулт: 5 настай хүүхэд хөл өвдөөд байна гэх юм. Шинжилгээ, үзлэг гээд яах ёстой вэ?
Хариулт: Хүүхдийн ясжилт эрчимтэй явагдахын хэрээр хүүхдийн ясны хальсанд ачаалал өгч хүүхэд хөл өвдөж байна гэдэг. Хэрвээ хүүхэд доголох, хөлний үенүүдийн аль нэг хэсэгт хавдсан, улайсан зэрэг өөрчлөлтүүд байгаа эсэхийг сайн анзаараарай. Хүүхдийн хөлийг нүцгэлж байгаад хоёр хөлийг харьцуулж харах нь зүйтэй. Хүүхдийн өвдөлтөнд ойр зуурын өвчин намдаах эм хэрэглэж болно. Мөн хүүхдийн гүйлсэн булчирхай том байгаа эсэхийг бас тодруулаарай. Олон хоногоор өвдөж, зовиур намдахгүй байгаа бол эмчид үзүүлж, шинжилгээ хийлгэж болно.

Асуулт: Эмчийн зөвшөөрлөөр охиндоо Герман Д өгч байгаа. Өмнө нь хөлөрдөггүй байсан ба ууж эхлээд хөлрөөд байх юм. Яах ёстой вэ? Үргэлжлүүлээд өгөх үү?
Хариулт: Герман Д тунг нь тааруулах хэрэгтэй. Хүүхдэд тун багадах буюу ихсэхээр Д ууж байх үед хөлрөлт ихэсдэг. Тэгэхээр өрхийн эмчдээ үзүүлж байгаад Д-н тунгаа нэмэх үү, байгаагаараа өгөх үү гэдгээ шийдээрэй.

Асуулт: Манай охин 7 настай. Ханиалгаад удаж байна. Хүчтэй цэр гарах юм. Янз бүрийн эм өгсөн. Энэ ханиалгыг хэрхэн дарах вэ? Дүү нь 8 сартай цээж гайгүй гэсэн. Цэр ховхлох эм өгсөн. Аскуртин өглөө. Нус их өтгөн гараад одоо гайгүй, хааяа нэг хүчтэй ханиалгах юм. Юу өгөх вэ эмч ээ.
Хариулт: Содатай сүү уулгаж болно. Муколизин гэдэг сиропыг 5мл-ээр 6 цагаар 3 хоног уулгаж болно. Хэрвээ үрэвсэл байгаа бол антибиотик хэрэглэж болно. Эхний ээлжинд Флемоксин гэдэг эмийг 250-тайгаас 6 цагийн зайтай 3 хоног уулгаарай. Шингэн бүлээн юм сайн уулгаарай.

Асуулт: Манай хүүхэд 13 настай. Зогсуулаад байдаг юм. Нэг зогсиулахаараа бүтэн өдөржингөө эсвэл 2 өдөр зогсуулдаг. Яавал дээр вэ?
Хариулт: Ахлах насны хүүхэд зогсиулах нь өрций булчин агшилт өгөхөөр хэмжээтэй зогсиулдаг. Ийм үед нь цочроох, шингэн бүлээн юм уулгах, булчин сулруулах эм уулгах шаардлагатай. Байнга зогсидог бол эмчид үзүүлээрэй.

Асуулт: 8 сартай хүүхэддээ айронтойфоли висол өгч байгаа. Түүнээс болж баас нь шингэрнэ гэж байх уу? Өгөхөөс өмнө хэвийн бааж байсан. Одоо бүх шингэн өдөр 4-5 удаа баадаг болчихлоо.
Хариулт: Витаминаас болж баас шингэрч болох боловч тоо нь олшрих ёсгүй. Баас шингэрлээ ч 1-2 хоногт ажиглагдаад дараа нь хэвийн болдог. Тэгэхээр хүүхдийн хооллолтыг сайн анзаарах хэрэгтэй. Хүүхдийг хооллохыг өмнө гараа сайн угаах хэрэгтэй. Хөхөөр хооллодог бол ээж хоолны дэглэмдэээ сайн анхаарах хэрэгтэй. Хүүхдийн баас ямар байгааг сайн анзаараарай. Эхний ээлжинд хоолоо сайн идүүлэхээс гадна Хоросол, Будааны шүүс, хярам, байхуу цай зэрэг шингэнүүдээс ойр ойрхон бага багаар уулгаарай.

Асуулт: Манай хүү 5 сар хүрэх гэж байгаа. Хөлс нь гараад шээс үнэртэй болсон. Өрхийн эмчид үзүүлээд 7 ширхэг Д эмчилгээнд өгсөн ба ууж дууссан. Хөлс нь гарч л байна. Нэмэлт Д өгөх шаардлагатай юу?
Хариулт: 7 ширхэг Д гэдэг нь өндөр тунтай, 1ш нь хүүхдийн сарын хэрэгцээг хангахуйц хэмжээний бэлдмэл байдаг. Хэрвээ хүүхэд тань 7ш Д-нхээ хамгийн сүүлийнхийг 1 сард уусан бол тэр сардаа өнжөөд, дараагийн сардаа нэг ширхэгээр сар бүр уугаад явна. Д ууж дууссан тухайн сардаа нэмэлт Д уух шаардлагагүй.

Асуулт: Сайн байна уу эмч ээ манай хүү 2 настай. Хоолойны мах нь маш том тэгээд шөнө унтахдаа их зовиуртай унтах юм. Хамар нь байнга битүүрч амаа ангайгаад өдөр нь зүгээр хирнээ унтахаараа л ханиалгаад байхын ямар арга хэмжээ авбал зүгээр вэ зөвлөгөө өгнө үү
Хариулт: Бага насны хүүхдийн хоолойны мах бага зэрэг том байдаг. Гэхдээ энэ зовиурыг харахад хоолойны махнаас гадна нармайны зураг авхуулж шалгуулах шаардлагатай. Аденойд гэдэг булчирхай томорсноос хүүхдэд ийм шинж илэрдэг. Чих хамар хоолойн эмчид заавал үзүүлээрэй.

Асуулт: Миний хүү 6 сартай. Хааяа ойр ойрхон дүлж шээгээд байх юм. Зөвлөгөө өгнө үү. Хүүхдийн шүд хэдэн сартай гарах ёстой вэ?
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийн шээсний сүв үрэвссэнээс хөндүүрлэх, ойр ойрхон дүлж шээх байдал ажиглагддаг. Хамгийн түрүүнд ханиадгүй байх ёстой. Хүүхдийг хөлнөөс нь дулаан дааруулахгүй байх ёстой. Чийг татдаг гутал, оймс өмсгөж болохгүй. Хүүхэд шээхдээ хөндүүрэлж уйлж байна уу. Шээс ямар өнгөтэй байна гэдгийг ажиглах хэрэгтэй. Хүүхдийн анхны шүд ихэвчлэн 6 сартайгаас эхлэн цухуйдаг. Сар бүр 2,2-оор нэмэгдээд явдаг.

Асуулт: Сайн байна уу эмчээ, хүүхдээ хөхүүлсний дараагаар яаж хэхрүүлэх вэ? ( 7 сартай төрсөн, одоо 3 сар хүрч байгаа)
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийг хооллосны дараа 20-30 мин хагас босоо байдалтай сэгсэрч бүүвэйлэлгүйгээр тэврэх ёстой. Хүүхдийн идсэн хоол ходоодонд орсны дараа хүүхэд хэхэрдэг. Энгийн арга гэвэл энэ байна.

Асуулт: 8 сар гарантай хүүхэд ер сайн суухгүй байсан ба суух дургүй. Хаа сайгүй мөлхөөд яваад байдаг. Эмчид үзүүлэх шаардлагатай юу? Үзүүлбэл ямар эмчид хандах вэ?
Хариулт: 8 сартай хүүхэд бие даан сууж, мөлхөж эхлэж байх ёстой. Хүүхдийн хувьд рахиттай байх булчингийн тонус сул үед сууж сурах нь хоцрох гээд байдаг. Тохирсон иллэг массажинд хамрагдаж, хөдөлгөөн засал хийлгэх шаардлагатай. Ямар эмчид хандах вэ гэхээр хүүхдийн эмчид хандаж болно. 8 сартай хүүхэд сүүнд чанасан каш, бантан, нухаш, тараг, зутан зэрэг буталж идэх шаардлагагүй хагас шингэн хоолнуудыг нэг удаадаа 150-175мл-ээр идэж байвал болно.

Асуулт: Манай хүүхэд 10 сартай. Ханиад хүрээд 7 хоног болж байна. Хиконцил 12 цагаар өгөөд зогсоосон, халуурч ханиалгах нь больсон ч хамраас нь шингэн нус гоожих нь зүгээр болохгүй юм. Одоо ямар эм өгвөл зүгээр вэ?
Хариулт: Сайн байна уу. Хамарт натрихлоридын 0.9%-н уусмал эсвэл салин гэдэг дусаалгаас 2 дуслаар 6 цагийн зайтай дусааж ялгарсан нусыг голгүй имэрч бэлдсэн хөвөнгөөр эргүүлэх хөдөлгөөнөөр цэвэрлэж болно. Хүүхдийг аюулгүй нөхцөлд содын уусмалаар 3-5 мин утаж болно.


 
Huggies Mongolia Албан ёсны хуудсаар Пүрэв гараг бүр ЭМЧИЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ БУЛАН явагдаж байна.