Дэлгүүр хэсэх үү?

Бүсгүйчүүд бидэнд өдөржингөө дэлгүүр хэсээд ч хайж байсан зүйлээ ололгүйгээр гэртээ харих үе олон тохиолддог. Харин яг ажилтай эсвэл боломжгүй явж байхад нөгөө зүйл маань нүдний өмнө гараад ирдэг шүү дээ. Ажил ихтэй, завгүй бүсгүйчүүддээ зориулан хэрхэн ухаалгаар хурдан, үр дүнтэй дэлгүүр хэсэх аргаас хуваалцаж байна.

1. Хамгийн эхний бөгөөд чухал алхам бол яг юу хайж байгаагаа тодорхойлох
Зүгээр л цүнх авна гээд гэрээс гарч болохгүй. Байгаа цүнхнүүдээ үзээд, юунд ямар үед хэрэглэгдэх ямар загвартай цүнх авахыгаа маш сайн тодорхойл. Төсөөлсөн хувцас чинь яг таг олдохгүй байж болох ч ядаж л дөхсөн загвар, хэмжээг авах боломжтой болно. Ямар ч зураггүй гарах юм бол дэлгүүр бүрээс нүдэнд харагдсан, таалагдсан хувцсаа өмсөж үзсээр цаг ихээр алдах болно шүү. Дараа нь өмсөгдөхгүй хувцас авсан байх тохиолдол ч бишгүй л гарахвий. Дэлгүүр хэсэхийн өмнө интернетээр багахан судалгаа хийж, эсвэл инстаграмд байхдаа тааалагдсан цүнхнийхээ загварыг хадгалж авсан байхад л хангалттай.

2. Хэрэгцээт зүйлсийн жагсаалт
Хувцас авах, хүнс авах хоёрт аль алинд нь энэ дүрэм үйлчилнэ. Дэлгүүр явахын өмнө хөргөгчөө нээж үздэг шиг хувцасны шүүгээгээ нэг уудлаад үзээрэй. Юутай яаж зохицуулж өмсөхөө мэдэхгүй байгаа, мартагдсан хувцаснуудаа гаргаад хэрхэн зохицуулж юу авч болохыг тэмдэглээд аваарай.

3. Сайн зөвлөхтэй хамт эсвэл ганцаараа
Хайж байгаа зүйлсийн чинь хаана хамгийн аятайхан хувилбарыг зардаг болох, эсвэл чиний загварын сонголтод тус болох сайн зөвлөхтэй явахад цаг болоод олон зүйлийг хэмнэж болох юм. Сайн зөвлөхтэй байхад, ийшээ тийшээ явж, энийг тэрийг гэх мэт олон хувцас өмсөж цагаа алдах шаардлагагүй болох юм. Харин ийм зөвлөх байхгүй бол ганцаараа явсан нь илүү дээр. Хэн нэгний ятгалгаар тооцоолоогүй зүйл, өөрт төдийлөн таалагдаагүй зүйлийг авах гэх мэт асуудлууд гарахгүй.

4. Дэлгүүрээ зөв сонго
Ороод л чамд онцгүй санагдсан дэлгүүрээсээ даруйхан гарч сур. Сонголт муутай жижиг дэлгүүрээр явах нь дэмий цагаа үрсэн хэрэг болно. Түүний оронд чиний сонирхсон загварын хувцаснууд үргэлж бэлэн байдаг сонголт сайтай дэлгүүрээр хэсэх нь цагийг чинь хэмнэхэд туслах болно. Их дэлгүүр, бүр үзэсгэлэн худалдаа ч байж болно шүү дээ.

5. Зөвхөн төлөвлөснийг
Эмэгтэй хүн л болсон хойно дэлгүүр хэсэхдээ анх авъя гэж зорьсон зүйлээ умартаад тэс өөр зүйлд хорхойгоо хүргэчихсэн явах нь элбэг. Гутал авахаар гараад цүнх сонирхоод даашинз авдаг  хүнийг эмэгтэй хүн гэдэг үг ч байдаг шүү дээ. Гэхдээ яарч, бас цагаа хэмнэхийг хүсч байгаа бол зөвхөн авахаар төлөвлөсөн зүйлээ л сонирхоорой. Дэлгүүрийг илүү хурдан, үр дүнтэй хэсэх арга нь дэлгүүрт орох, юмаа авах, тэгээд гарах гэсэн гуравхан алхмаас бүрдэнэ. Өөр бусад зүйлийг дараа, бүр завтай шоппинг хийхдээ үзэж болно шүү дээ.

4. Мөнгөний хэмжээг тодорхойл
Хэрвээ авах зүйлсийн жагсаалтаа гаргасан бол тэдгээрийн ойролцоо үнийг бодоод төсвөө гарга. Ингэснээр бүх мөнгөө үрчихээд гэнэтийн асуудал гарахад “Мөнгөгүй” гээд сууж байхгүй. Тэгээд ч мөнгөө хэмнэчихсэн, өсөн нэмэгдэж байгааг харах хичнээн сайхан билээ.

5. Цаг бол алт
Мэдээж их цаг үрэх тусам их мөнгө үрэх өндөр магадлалтай. Хэдэн цаг хаагуур явахаа тодорхойлчихвол илүү үр дүнтэй бөгөөд хялбар байх болно.

6. Хямдрал vs үр дүн
Хямдрал гэсэн бичиг харангуутаа л юу ч байсан хамаагүй хямдарсан дээр нь гээд авах гэж бүү зүтгээрэй. Энэ нь тухайн дэлгүүрийн чамаар хийлгэхийг хүссэн зүйл болохоос биш чиний төлөвлөсөн зүйл биш л бол хямдралд хошуурах хэрэггүй. Хямдарсан бүтээгдэхүүнүүд ихэвчлэн  материал нь муудсан үгүй бол загвар нь хуучирсан хувцаснууд л байдаг гэдгийг анхаараарай. Ийм зүйл худалдан авахыг бүсгүй та хүснэ гэж үү?

7. Эцэст нь надад үнэхээр хэрэгтэй юу?
Хүмүүс заримдаа хэрэгцээт болон хүссэн зүйлээ юу вэ гэдгийг мэдэхгүйгээр шоппинг хийчихдэг. Цаг, мөнгөө үрж байгаа тохиолдолд “Надад энэ зүйл хэрэгтэй юу? Надад үүнтэй зохицох зүйл бий юу? Энийг авахгүй л бол болохгүй шалтгаан бий билүү?” гэдгийг бодож үзэж байгаарай.