Эхийн сүүний талаар мэдүүштэй зүйлс

ЭХИЙН СҮҮНИЙ ТАЛААР МЭДҮҮШТЭЙ ЗҮЙЛС 



Эхийн сүү нь найруулсан сүү, зохиомол сүүн тэжээл зэргээс илүү ач тустай гэдгийг хүн бүр мэддэг ч, яг юунд сайн гэдгийг тэр бүр мэддэггүй. Эхийн сүү нь лабораторийн нөхцөлд боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай  элементээс бүрдсэн найрлагатай бөгөөд хүүхдийн байнга өөрчлөгдөж буй хэрэгцээнд зориулагдан найрлага нь тогтмол өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг байна.

Huggies Mongolia Албан ёсны хуудас-н Хүүхдийн эмчийн зөвлөгөө өгөх булан дээр ч мөн зөвлөх эмч маань үргэлж хүүхдийг хөхөөр сайн хоолло, агаарт сайн гарга гэх мэтээр зөвлөгөөг өгдөг шүү дээ. Тэгвэл зөвхөн өөрийнхөө хүүхдэд л зориулагдсан байдаг эхийн сүү нь дараах ач тустай юм байна.

1. Эхийн ясны бүтцийн дэмжлэг
Судалгаагаар хүүхдээ хамгийн багадаа 6 сар хүртэл хөхөөрөө хооллосон эмэгтэйчүүд төрсний дараах ясны сийрэгжилтэд өртөх магадлал харьцангуй бага байдгийг нотолжээ. Хөхний сүү ялгарч байгаа буюу хөхүүл үед эхийн бие организм кальцийг хүлээн авч, шингээхдээ сайн байдаг байна.

2. Хүүхдийн хоол шингээлт
Эхийн сүү бол нярай хүүхдийн дөнгөж хөгжиж буй, эмзэгхэн хоол боловсруулах системд яг тохирсон хооллолт юм. Эхийн сүүнд агуулагддаг уураг, тос нь үнээний сүүнийхтэй харьцуулахад илүү амархан шингэдэг. Ерөнхийдөө эхийн сүүгээр хооллодог хүүхдэд өтгөн хаталт, шингэн алдалт бараг илэрдэггүй байна.

3. Төрсний дараах жин
Хэрэв хүүхдээ хөхөөрөө хооллодог бол эх болон хүүхэд аль аль нь жингийн хувьд санаа зовох зүйл багатай байдаг. Дунджаар 20-30 грамм эхийн сүүнд 20калори агуулагдах ба тэр хэмжээний калорийг эх өөрөөсөө гаргаж байгаа юм. 

4. Хүүхдийн сэтгэлзүйн хөгжил
Эхийн сүүгээр хооллох явцад эх хүүхдийн хоорондын дотны нандин холбоо үүсч байдаг. Энэ нь хүүхдийн сэтгэлзүйн хөгжилд эерэг нөлөө үзүүлж, эх-хүүхдийн холбоосыг бэхжүүлж өгдөг.

5. Эх хүүхдийн эрүүл мэнд
Хүүхэд эхийн сүүгээр хооллож өсвөл янз бүрийн өвчлөл тусах магадлал бага ба хөхүүл эхийн бие организмд мөн хөхний хорт хавдар, өндгөвчний хорт хавдар зэргийг тусах магадлалыг эрс бууруулж өгдөг. Хамгийн чухал нь хүүхдийн дархлааг сайжруулж элдэв өвчнөөс урьдчилан сэргийлж байдаг.

6. Өөрийн хүүхэддээ зориулагдсан эхийн сүү
Найруулсан, савлагдсан сүүний орц найрлага бүтцийг өөрчлөх боломжгүй шүү дээ. Харин эхийн сүүний найрлага хүүхдийнхээ хэрэгцээнд тохирч шим тэжээл нь өөрчлөгдөн, шинэчлэгдэж байдаг байна.

7. Дөнгөж төрсөн нярай хүүхдийн эрүүл мэндэд хамгийн тустай эм
Хүний амьдралын эхний 6 сарын туршид өөр ямар нэгэн нэмэлт хоол тэжээлийн шаардлагагүйгээр түүний бүхий л хэрэгцээг эхийн сүү дангаараа хангаж чаддаг. Энэ үед хүүхдэд нэмэлтээр уулгах ганц дэмжлэг бол рахитнаас урьдчилаг сэргийлэх Д аминдэм юм.

8.Санхүүгийн хэмнэлт
Мэдээж бэлтгэж савласан сүү дэлгүүрээс худалдаж авах, эхийн сүүгээр хүүхдийг хооллох хоёрын хооронд санхүүгийн ихээхэн хэмнэлт бий.