Эмэгтэйчүүдийн эмчийн зөвлөгөө өгөх булан 2016.01.07

Асуулт: Төрөөд 5 сар болох гэж байна. Жирэмслэлтээс хамгаалах хамгийн найдвартай арга юу вэ?
Хариулт: Жирэмснээс хамгаалах олон янзын арга байгаа. Та өөртөө тохирсон, тухайн хамгаалах хэрэгсэлд гаж нөлөө байхгүй бол алийг нь ч хэрэглэх боломжтой.

Асуулт: Бэлэг эрхтэн загатнаад байдаг боллоо. Энэ юуных вэ? Би жирэмсэн 7 сартай. Мөөгөнцрийн шинжилгээ өгсөн. Зүгээр гарсан. Яаж эмчлэх вэ? Зөвлөгөө өгнө үү.
Хариулт: Үтрээгээр цэвэрлэх, лаа хийх хэрэгтэй. Үүнд Гексикон лааг өдөрт 1 удаа 5-7 хоног хэрэглэх мөн уухаар бактерийн эсрэг эмийг 5 хоног уугаарай.

Асуулт: Төрсөний дараа жирэмснээс хамгаалах бугалганы суулгац сар гарны өмнө тавиулаад сарын тэмдэг ойрхон ирээд байна. Тавиулснаас хойш сардаа хоёр удаа ирлээ. Эмч маань цус тогтоох эм бичиж өгөөд гайгүй гээд байх юм. Ийм сөрөг нөлөө гараад байвал яваанда ямар хор уршиг байдаг вэ? Эсвэл ингэж байгаад бие хүлээгээд дасан зохицдог юм болов уу? Намайг дааварт мэдрэг байна, бас ядруу байна зүгээр гэсэн. Цус тогтоох эм уугаад байх муу гэж бодогдоод бх юм. Зөвлөгөө өгнө үү.
Хариулт: Бугалганы суулгац нь дааврын бэлдмэл учир тухайн дааврын нөлөө нь дээрх зовиурыг өгч болно. Үүнд санаа зовох хэрэггүй. Энэ нь хэвийн үзэгдэл юм. Аяндаа 2-3 сарын дараагаар хэвийн болно. Хэрэв 3 сараас дээш хугацаанд цус гараад байвал дааврын хавсарсан бэлдмэл буюу жирэмслэлээс хамгаалах хавсарсан бэлдмэлүүдийг 1-3 сарын хугацаанд давхар ууж болно. Үүнд бие организмд нөлөөлөх гаж нөлөө байхгүй.

Асуулт: Одоо 3 сартай жирэмсэн. Элэгний С вирустай гэж гарсан. Энэ нь урагт хэрхэн нөлөөлөх вэ? Өөрөөрөө төрөхөд урагт халдварлах уу? Мөн төрсний дараа би эмчилгээ хийлгээд эдгэрэх магадлал байгаа юу?
Хариулт: Элэгний С вирусын үед бие махбодийн дархлаа хэвийн бөгөөд элэгний үйл ажиллагааны идэвхжил хэвийн үед урагт нөлөөлөхгүй. Гэхдээ жирэмсний явцад онцгой хяналтанд байж төрөх хэрэгтэй. Учир нь С вирус нь идэвхживэл ураг болон эхэд эрсдэл өндөртэй болдог. Төрсний дараа С вирус нь хичнээн эмчилгээ хийлгэсэн ч одоогоор цусанд бүрэн алга болох эмчилгээний тактик байхгүй байна. Харин идэвхжилгүй байх үед бие организмд эрсдэл бага байна.

Асуулт: Төрөөд гурван сар болж байна. Хярзанг хэзээ оёулбал тохиромжтой вэ? Оёдол нь задарсан юм. Зөвлөгөө өгөөрэй. Баярлалаа.
Хариулт: Хярзанг хэдийд ч оёулах боломжтой. Төрсний дараа 45 хоногт эмэгтэй бие махбод хэвийн байдалд эргэн ордог учир үүнд ямар нэгэн эрсдэл байхгүй. ахин үтрээ урагдах эсэх нь ургийн жин болон хүүхдийн толгойн хэмжээ, төрөх явцад удирдаж байгаа эмч, эх баригчийн ур чадвараас шалтгаалдаг.

Асуулт: Гурван удаа төрсөн. Гэтэл ханиаж, найтаахад шээс гоожоод байдаг болчихлоо. Ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?
Хариулт: Танд шээс задгайрлын зовиур илэрч байгаа юм байна. Шээс задгайрлын зэргээс шалтгаалан эмчилгээний тактик янз бүр байдаг. Шээс задгайрлын зэргийг тодорхойлог аппарат 2 болон 3-р шатлалын эмнэлгүүдэд хийж байгаа. Шинжилгээний үр дүнд тулгуурлан эмийн эмчилгээ, тор тавих эсвэл мэс ажилбар хийх эсэхийг тогтооно. Энгийн арга нь Кегелийн дасгалаар мөн эмчилж болно. Энэ нь умай болон аарцгийн булчин чангалж суллах дасгал юм.

Асуулт: Зөвлөгөө авах гэсэн юм. Миний доогуур байнга их зовиуртай хатгуулж, хатгаж байгаа мэт өвдөх юм. Шинжилгээ өгсөн эмнэлэг бага зэрэг өөрчлөлттэй гарсан, умайн амсар их улайлттай байна гэсэн. Яаж зүгээр болгох вэ?  
Хариулт: Умайн хүзүү үрэвсэж шархлах шалтгаан олон янз байдаг ч ихэвчлэн үрэвслийн гаралтай халдваруудын үед тохиолддог учир халдварын шинжилгээ болон мазок, серологи, PCR шинжилгээ өгч үүний үндсэн дээр тохирсон эмчилгээ хийлгэвэл үр дүнтэй юм.

Асуулт: Сар орчмын өмнө төрсөн. 14 хоногийн өмнө циститээр өвдөөд ибопорпин уугаад, хар цайны ууранд суусан ба одоо хүртэл зүгээр болохгүй дутуу шээгээд байна. Яавал эдгэх вэ?
Хариулт: Та юун түрүүнд шээсний ариун чанар шинжилгээ өгөх хэрэгтэй. Энэ нь цистит үүсгэгсийн эсрэг антибиотикын мэдрэг байдлыг үздэг. Тохирсон антибиотик эмчилгээ хийлгэвэл илүү үр дүнтэй.

Асуулт: Зөвлөгөө авъя. Миний өндгөвч өвдөөд байдаг боллоо. Юунаас болдог вэ?
Хариулт: Өндгөвчний үрэвсэл нь бэлгийн замын халдварт өвчин, бэлэг эрхтний үрэвсэлт өвчин, бие организмын дархлаа сулрах, дааврын зохицуулга алдагдах, өндгөвчний киста гэх мэт шалтгааны улмаас өөрчлөгдөж болно. Хамгийн энгийн шинжилгээ нь мазок, серологи, ЭХО хийлгэж, эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх хэрэгтэй байдаг.

Асуулт: Би огт жирэмсэлж, үр хөндүүлж байгаагүй. Үргүй юм болов уу гэж санаа зовних боллоо. Одоо 25 настай. Зөвлөгөө өгнө үү. Баярлалаа.
Хариулт: Тогтмол бэлгийн харьцаанд нэг жилээс дээш хугацаанд ямар нэгэн жирэмсний хамгаалалтгүйгээр жирэмслэхгүй байвал анхдагчаар үргүйдэлтэй байна гэж үзнэ. Үргүйдлийн шалтгаан нь маш олон бий. Жишээ нь бэлэг эрхтний гаж хөгжил, буруу байрлал, нөхөн үржихүйн хөгжил дутмаг, өнчин тархины үйл ажиллагааны алдагдал, оюун ухааны хомсдол буюу сэтгэцийн өөрчлөлтүүд гэх мэт шалтгаантай. Мөн бие махбодийн архаг хууч өвчнүүд (архаг сүрьеэ, архаг цус багадалт, үе мөчний өвчин, дотоод шүүрлийн эмгэг г.м) байдаг. Шалтгааныг тодруулсны үндсэн дээр үргүйдлийг оношлох, эмчлэх тактик янз бүр байгаад зогсохгүй цаг хугацаа их шаарддаг юм.

Асуулт: Сайн байна уу. Ерөндөг тавиулснаас хойш сарын тэмдэг их ирж, мөн давсгаар өвдөх нь нэмэгдээл байдаг боллоо. Ер нь ийм тохиолдол байдаг уу?
Хариулт: Сайн байна уу. Спираль нь умайн салстыг гэмтээдэг учир сарын тэмдгийн үед цус их хэижээгээр гардаг. Үүнд санаа зовох хэрэггүй. Бэлэг эрхтний бага зэргийн үрэвсэл байгаа бол үрэвслийн эсрэг эмчилгээ хийлгэж болно. Бэлгийн замын халдвар байгаа эсэхийг шинжилгээгээр шалгуулах хэрэгтэй. Хэрэв халдвар байгаа бол спирал нь халдварыг өгсөх замаар улам даамжруулж бага аарцгийн хөндийн эрхтнүүдийн үрэвсэл үүсгэх аюултай байдаг.

Асуулт: Спиральтай юм. Савны хийгээ гаргуулж болдог болов уу. Хэр удаж байж үзүүлдэг вэ? Тавиулаад 7 сар болсон.
Хариулт: Спирал нь 10 жилийн хугацаатай байдаг. Хэрэв бие организмд ямар нэгэн өөрчлөлт өгөхгүй бол 10 жил ч авахгүй байх боломжтой.

Асуулт: Сайн байна уу? Жирэмсэнээс хамгаалах спирал буюу ерөндөг аль нь зүгээр вэ? Булчинд тавьдаг нь хэр вэ?
Хариулт: Жирэмснээс хамгаалах үтрээнд тавьдаг спирал нь 2 янз байдаг. Нэг нь зэсэн спираль ба энэ нь умайн хөндийнд тавигддаг умайн салстын шүүрлийг өтгөрүүлж, үр тогтох процессийг бууруулдаг. Нөгөөх нь дааврын гаралтай спираль бөгөөд умайн хөндийд тавьж дааврын зохицуулгаар ур тогтох процессийг бууруулдаг. Бугалганд тавьдаг суулгац нь Прогестрон дааврын гаралтай жирэмснээс хамгаалах бэлдмэл юм. Таны өөрийн бие махбодид аль хэлбэрийн спирал нь илүү тохирох, эсрэг заалт байгаа эсэхийг, аль нь илүү танд боломжтой байна гэдгээс шалтгаалан таны өөрийн сонголтыг хүндэтгэж үзнэ. Жишээлбэл зэсэн спираль нь бэлэг эрхтний үрэвслийн үед, бэлгийн замын халдварын үед, цус багадалтын үед гэх мэт шалтгаантай бол хэрэглэхгүй. Дааврын бэлдмэлийн хувьд цус бүлэгнүүлэх эрхтний эмгэгтэй үед хэт тарган болон зүрх судасны өвчтэй, даралт ихтэй гэх мэт шалтгаантай бол мөн хэрэглэхгүй.

Асуулт: Одоо 3 сартай жирэмсэн. Элэгний С вирустай гэж гарсан байна. Энэ нь урагт хэрхэн нөлөөлөх вэ? Өөрөөрөө төрөхөд урагт халдварлах уу? Мөн төрсний дараа би эмчилгээ хийлгээд эдгэрэх магадлал байгаа юу?
Хариулт: Сайн байна уу. Элэгний С вирусын үед бие махбодийн дархлаа хэвийн бөгөөд элэгний үйл ажиллагааны идэвхжил хэвийн үед урагт нөлөөлөхгүй. Гэхдээ жирэмсний явцад онцгой хяналтанд байж төрөх хэрэгтэй. Учир нь С вирус нь идэвхживэл ураг болон эхэд эрсдэл өндөртэй болдог. Төрсний дараа С вирус нь хичнээн эмчилгээ хийлгэсэн ч одоогоор цусанд бүрэн алга болох эмчилгээний тактик байхгүй байна. Харин идэвхжилгүй байх үед бие организмд эрсдэл бага байна.

Асуулт: Сарын юм тогтворгүй ирдэг болсон. 23 настай. Анх ирсний дараагаар эм ууж л ирүүлж байсан. Эмчид үзүүлэхэд жирэмснээс хамгаалах дааврын эм л бичиж өгөх юм. Ямар эмчилгээ байдаг вэ?
Хариулт: Эмэгтэйчүүдийн өндгөвчнөөс ялгарч байдаг сарын тэмдгийг тогтвортой явуулж байдаг дааврууд байдаг. Эдгээр даавруудын хэвийн харьцаа алдагдах, дутагдах эсвэл ихсэх зэрэг шалтгааны улмаас биений юм ирэхгүй буюу эсвэл тасралтгүй цус гарах шинж тэмдгүүд илэрдэг. Жирэмслэлээс хамгаалах дааврын бэлдмэл нь эдгээр дааврын тэнцвэрт байдлыг хадгалж, дутагдаж байгаа дааврыг нөхөх, эсвэл хэт ялгарч байгаа дааврыг дарангуйлах үүднээс дааврын бэлдмэлүүдийг тухайн хүнд тохируулан хэрэглэнэ. Ингэснээр сарын тэмдгийг хэвийн байдалд оруулдаг.

Асуулт: Хамгийн эртдээ хэдэн сартайд ургийн хүйсийг мэдэх боломжтой вэ?
Хариулт: Сайн байна уу. Сүүлийн үед 3D, 4D ЭХО гарснаар ургийн хүйсийг эрт илрүүлэх боломжтой болсон. Энгийн ЭХО-р 5 сартайгаас бүрэн мэдэх боломжтой.

Асуулт: Сарын тэмдэг өөрчлөгдөж ирэхдээ 10 хоног ирэх нь юунаас болдог вэ? Ирэхдээ дуншаад 3 хононо, ирээд 3 хононо, дуусах гэж 3 хонож байна.
Хариулт: Сайн байна уу. Сарын тэмдгийн гарах хугацаа нь 3-7 хоног бол хэвийн гэж үздэг. Үүнээс хоног нь өөрчлөгдвөл сарын тэмдгийн алдагдалтай байна гэж үзнэ. Шалтгаан нь 1-т бэлэг эрхтний үрэвсэлт өвчин, 2-т бэлгийн замын халдварт өвчин, бэлэг эрхтний хавдар, умайн хавдар, бэлэг эрхтний буруу байрлал, гаж хөгжил, дотоод шүүрлийн булчирхайн эмгэг өөрчлөлтүүд, дааврын өөрчлөлтүүд зэргээс шалтгаалж сарын тэмдэг алдагдаж өөрчлөгддөг. Дээрх шалтгаануудыг тодруулахын тулд харьяа дүүрэг, орон нутгийн эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж холбогдох шинжилгээнүүдийг хийлгэж оношыг тодруулаарай.

Асуулт: Би 5 сартай жирэмсэн. Умайн хүзүүний шархтай юм. Эмчлэх боломж байдаг уу?
Хариулт: Сайн байна уу. Умайн хүзүүний шархтай үед дутуу төрөх, зулбах, цус алдах, төрсний дараа халдвар, уян хүзүү болон хярзангийн урагдалт зэрэг эрсдлүүд өндөр байдаг учраас 5 сартайгаас хойш үрэвслийн эсрэг эмчилгээ хийлгэх боломжтой. Эмэгтэйчүүдийн эмчийн онцгой хяналтанд төрсний дараагаар эсийн шинжилгээ өгч бүрэн эмчилгээ хийлгэхийг зөвлөж байна. Умайн хүзүүний шарх нь хавдрын урьтал өвчин болж өгдөг.

Асуулт: Сайн байна уу. Охин маань 3 сартай боловч сарын тэмдэг ирэхгүй байна. Яасан юм бол?
Хариулт: Сайн байна уу. Төрсний дараа сарын тэмдэг ирэх хугацаа нь хүн бүрт харилцан адилгүй байдаг. Та санаа зовох хэрэггүй. Энэ нь хэвийн үзэгдэл юм. Та сарын тэмдгээ иртэл хүлээнэ үү.

Асуулт: Төрөөд 7 сар болж байна. Биений юм ирдэггүй. Хэдэн сар болж байж ирдэг вэ?
Хариулт: Сайн байна уу. Төрсний дараа сарын тэмдэг ирэх хугацаа нь хүн бүрт харилцан адилгүй байдаг. Та санаа зовох хэрэггүй. Энэ нь хэвийн үзэгдэл юм. Та сарын тэмдгээ иртэл хүлээнэ үү.
 
 

Үзэсгэлэнт бүсгүйн үнэнч найз хуудсаар Пүрэв гараг бүр ЭМЧИЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ БУЛАН явагдаж байна.